УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн хуралдаанаар Улаанбаатар хотноо болох Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын II чуулганы бэлтгэлийн талаар БОАЖ-ын сайд, БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд болон Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсоно.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо 14.00 цагт, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагт хуралдахаар товложээ.