IV Конгресс: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өвчтэй биш, хөдөлмөрлөх чадвартай

IV Конгресс: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өвчтэй биш, хөдөлмөрлөх чадвартай

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангрилла зочид буудалд үргэлжилж байна. Дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгчийн энэхүү хуралдаан маргааш өндөрлөх юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс нийгэмд ажлын байр, түүний хамрагдалтыг нэмэгдүүлж, олон нийтийг хандлагаа өөрчлөхийг хүсч буйг энэхүү чуулганаар дамжуулан илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс халамж авах бус өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.  

Манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа бий. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа юм. Тэдний 19 мянга нь буюу 20 орчим хувь нь л өнөөдөр хөдөлмөр эрхэлдэг. Иймд цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхэд ажил олгогчдоос иргэн хүртэл нийгмийн хандлагыг өөрчлөх нь чухал гэж холбогдох албаны хүмүүс хэлж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЧУХАЛ БИЧИГ БАРИМТ БҮХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА

СОНСОХ: 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

Нийгэм, хамт олонд түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх салбарын хууль дүрэм, баримт бичгийг тэр чигт боловсруулж ажиллахаар зорьж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах орчныг сайжруулах чиглэлээр олон ажил хийнэ.

СОНСОХ: 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.ӨНӨРБАЯР:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ялгаварлан ангилах байдлаар ярих нь зохимжгүй. Бусад хүмүүсийг ч бас ийм хандлага бүү гаргаасай гэж манай яамны зүгээс хүсч байна. Нийгэм бол хүн бүрт хүртээмжтэй байх ёстой. Олон улс хурал болохын өмнө яамны зүгээс хүртээмжийн ажлын хэсэг байгуулсан. Тодруулбал, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, барилга байгууламжуудын хүртээмж, нисэх буудал зэрэгт ажлын хэсэг гарч хүртээмжийн үнэлгээг гаргалаа.

Ажлын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, хүртээмжийн асуудал зарим салбарт хангалтгүй муу байгаа нь үнэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хангалтгүй байгаа энэ асуудлыг хүртээмжтэй болгох нь хамгийн чухал  юм. Нөгөө талаас хүртээмж сайн байгууллагууд байгааг бид хэлэх ёстой. Тухайлбал, шинэ нисэх буудлын хүртээмж, буянт ухаагийн нисэх буудалд Зам тээврийн яамнаас онцгой анхаарал хандуулсан.

Бид өөрт буй боломж нөхцөлийг ашиглахад нийгмийн хандлагаа өөрчлөх нь чухал. Иймд автобусны жолооч, үйлчлэгч, бусад байгууллагуудыг олон төрлийн сургалтад хамруулж байна. Сургалтуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдөөр нь хөтлүүлж, нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэж байгаа юм. Хандлагаас гадна хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хүртээмжийн хуулийн төсөл боловсруулж, Улсын Их хуралд ирэх намар хэлэлцүүлнэ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд маш чухал бичиг баримт болно.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ 40 ХУВЬД ХҮРГЭНЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.ГАНЧИМЭГ:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахад бидэнд бэлдсэн боловсон хүчний нөөц байхгүй учраас үүнд гол анхаарлаа хандуулж байна. Ажилд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дадлагажуулах гэх мэт ажлуудыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг ажлын байртай болгохын тулд аж ахуй нэгжүүдтэй уулзаж, иргэдийг зуучилж, ярилцлагад оруулан, ажилтай болгох чиглэлээр ажиллаж байгаа юм. Цаашид энэхүү ажил маань өргөжин тэлж, тодорхой зорилтуудад чиглэнэ.

Өнөөдөр хөдөлмөр эрхлэлт 20 хувьтай байгаа бол цаашид хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 40 хувь хүртэл болгох боломж нөхцөлийг хангахын төлөө зорьж ажиллаж байна. Мөн иргэдийн хандлага өөрчлөгдөх байх гэдэгт бид найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсгийг нийгмийн амьдралд оролцох боломжийг нь бүрдүүлснээр хөдөлмөр эрхлэх ёстой, орлого олж татвар төлөх ёстой гэж үздэг. Нөгөө хэсэг нь бид хөгжлийн бэрхшээлтэй учраас халамжийн үйлчилгээ авах ёстой гэх хандлагатай байдаг. Бидний зүгээс аль болох өөрсдийнх нь боломж нөхцөлд тулгуурласан хөдөлмөр эрхлүүлэх ажлын байрыг бүрдүүлэхэд анхаарч байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЕ ДААН АМЬДАРЧ, АЖИЛЛАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны  Ерөнхийлөгч Д.ГЭРЭЛ:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том саад бэрхшээл нь нийгмийн хандлага. Түүнийг өөрчилвөл бидний өмнө олон боломж нээгдэнэ. Ядахдаа явган хүний замаа чөлөөлөхөд л бие даан алхах боломж нь бүрдэнэ шүү дээ. Өнөөдөр Монголд орчны хүртээмжгүй байдал нь миний бие даасан шийдвэр гаргах, сонголт хийх боломжуудыг хааж байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх, явган хүний зам нь хүртээмжтэй юу гэвэл үгүй. Явган хүний замын голд траншейны нүх таглаагүй байдаг, эсвэл шон босгочихсон, хаяг самбар байрлуулсан байдаг шүү дээ. Ийм тохиолдолд харааны чадвараа алдсан иргэн гадуур бие даан ганцаараа алхах боломж нь хязгаарлагдаж байна. Бас мэдээллийн хүртээмж хангалтгүй.

Миний хувьд харааны бэрхшээлтэй. Нийгэмд хүмүүс бусад мэдээллийг авч байхад вэб сайтуудад надад зориулсан баррел үсгээр, эсвэл хүртээмжтэй формат байрлуулсан байна уу гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн хүртээмж хангалтгүй. Гэхдээ сүүлийн үед энэ асуудлыг ярьдаг болсонд талархаж байна. Гаднын орнуудад хүнд хэлбэрийн нөхөн сэргээгдэх боломжгүй тэргэнцэртэй хүмүүс хувийн туслахтай байдаг. Ингэснээр тухайн хүнийг нийгмийн харилцаанд оролцоход, өөрийн бие даан хийж чадахгүй зүйлсийг хувийн туслахын тусламжтайгаар хийж чаддаг.

Гаднын орнуудад хувийн туслах тусгай ажилтнаар гэрээтэй ажилладаг. Ингэснээр дүү болон хамаатан садны ойр дотнын хүмүүстэй харилцах эрх үүргийн зөрчил гардаггүй. Олон улсад хувийн туслахыг тусгай ажилтнаар бэлтгэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Цаашид хүний эрхэд суурилсан асуудлаар бидний асуудалд ханддаг, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ биднийг оролцуулдаг байгаасай гэж хүсч, хурлаас ийм шийдвэр гарах байх гэж харж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ӨВЧТЭЙ ХҮМҮҮС БИШ, ХӨДӨЛМӨРЛӨХ ЧАДВАРТАЙ

Хэнтий аймгийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч  Д.ОЮУНТУЯА:

-Олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрлөх чадвар боломж нөхцөлийг нь бүрдүүлэх хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр гэртээ байх ёстой, хүний асрамжид байдаг өвчтэй хүн гэж хардаг. Гэтэл бид өөрсдийн боломжоороо ажиллах, хөдөлмөр эрхлэх чадвартай. Энэ чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах боломж нөхцөлөөр нь хангаасай гэж хүсч байна. Өнөөдөр Монголд гэрээсээ гараад л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл боломжийг нь хязгаарлаж байна шүү дээ.

Явган хүний зам, нийтийн тээврийн үйлчилгээ, ажил олгогчдын хандлага, олон нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголт мэдлэг тааруу гээд энэ бүх асуудлаас үүдэн бидний  бие даан ажиллаж амьдрах нөхцөл хязгаарлагдаж байна. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гээд халамжийн мөнгө улсаас авахаас илүү хувиараа үндэсний үйлдвэрлэл эрхлээд 13 жил болж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр, тэдэнд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.