2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр батласан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хууль цэцээс дүгнэсэн.
- ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААС ТАТГАЛЗСАН БОЛ ЧУУЛГАНЫ ҮЕЭР САНАЛ ХУРААЛТЫГ ХОЙШЛУУЛСАН -
Энэ нь “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт юм. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт "Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэжээ.Гэтэл Үндсэн хуулийн цэцээс тус заалтыг иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэх дүгнэлтийг гаргасан байгаа юм.
Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар, Чингэлтэйн тойрог нь 10 мандаттай байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын сонгуулийн хуулийн 72.1, 71.10 дахь заалтаар сонгогчид 10 нэр дэвшигчийг арвууланг нь дугуйлах ёстой бөгөөд нэг нь таалагдахгүй эсвэл өөрт хэрэгтэй есөн нэр дэвшигчээ сонгоход тэр санал хүчингүйд тооцогдохоор байгаа юм.
-"ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ БОЛОХГҮЙ. ОДООГИЙН ЭНЭ ЗААЛТ НЬ МАНАЙ ХОЁР НАМД АШИГТАЙ" ХЭМЭЭН МАН-ЫНХАН ЯТГАЖ БАЙГАА АЖ-
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Хүлээж авах боломжгүй” гэж үзсэн. Ингээд чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал хураах агшинд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тус асуудлыг судлаачид болон бүх намаар нээлттэй хэлэлцүүлж судалгаанд үндэслэн шийдвэр гаргахгүй бол эрсдэлтэй” гэж хэлээд санал хураалтыг хойшлуулсан юм. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт багтаагүй байгаа юм. Уг асуудлыг ингэж хойшлуулах хойгуур УИХ-д суудалтай намуудын дунд ямар яриа тохироо хийгдэж буй нь сонин. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Харин МАН эсрэгээрээ хүлээж авахгүй гэдэгт саналаа нэгтгээд үүнийгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар баталгаажуулсан.
Ардчилсан намын бүлгийн хувьд "МАН нь том тойрогт олон хүн нэр дэвшүүлж саналын хуудсыг тулгаж бөглүүлж ялдаг тактактай. Энэ аргадаа амташсан учир Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй" гэж байгаа аж.
Харин МАН-ынхан Ардчилсан намынхантай энэ өдрүүдэд уулзаж “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байя. Ингэсэн нь МАН, АН-д л хэрэгтэй” зэргээр ятгасан байна. Ямартай ч тэд энэ сэдвээр илүү өргөн уулзалтыг хийх бололтой. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ЭНД дарж унших.