Цахим орчинд “Визийг хурдан, хямд, баталгаатай гаргаж өгнө”, “Очмогц ажил, байр бэлэн” гэх зар байршуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгджээ.
Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Жишээлбэл, “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зарын дагуу иргэдээс 39 сая төгрөг залилсан этгээдэд шүүхээс таван жилийн хорих ял оноожээ.
Иймд иргэдийг виз зуучлалын үйлчилгээ авахдаа дараах зүйлсэд анхаарахыг сэрэмжлүүлж байна. Визийг зөвхөн тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар болон албан ёсны виз мэдүүлгийн төв олгодог. “Танилтай”, “баталгаатай” гэх зуучлагчдад урьдчилгаа төлбөр болон мөнгө шилжүүлэхээс болгоомжлох, паспорт болон хувийн мэдээллээ танихгүй, баталгаагүй этгээдэд өгөхгүй байхыг анхаарууллаа.