Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нар хайгуулын өмнө усны нөөцийн дүгнэлт шаардах, уурхай хаагдахад усан сан байгуулах зэрэг ААН-үүдэд эдийн засгийн эрсдэл учруулах хуулийг “зүтгүүлэв”

Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нар хайгуулын өмнө усны нөөцийн дүгнэлт шаардах, уурхай хаагдахад усан сан байгуулах зэрэг ААН-үүдэд эдийн засгийн эрсдэл учруулах хуулийг “зүтгүүлэв”

Монгол Улс төсвийнхөө гуравны нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлж, экспортынхоо 93 хувийг эрдэс бүтээгдэхүүнээр хийдэг. 2024 оны үзүүлэлтээр уул уурхайн салбар төсвийн орлогын 33 хувь, нийт экспортын 93 хувийг бүрдүүлжээ. Энэ бол Монголын эдийн засаг уул уурхайгаас хэр хамааралтайг харуулах тоо.

Гэтэл улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг энэ салбарт төр дэмжихээсээ илүү “өстэй” мэт ханддаг гэх шүүмжлэл бий. Байгаль орчноо хамгаалах нэрийн дор уул уурхайн компаниудын техник хэрэгсэл, ажилчдад халдах тохиолдол ч гардаг. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд татвар, шимтгэлийн ачаалал өндөр, хууль эрх зүйн орчин тогтворгүй байгааг хөрөнгө оруулагчид шүүмжилсээр ирсэн.

Тэгвэл уул уурхайн компаниудад дахин нэг дарамт нэмэх эрсдэлтэй хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нар өнгөрсөн сарын 23-нд “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ. Хууль санаачлагчид одоогийн хууль 2012 онд батлагдсанаас хойш олон удаа өөрчлөгдөж, анхны үзэл баримтлал нь алдагдсан тул шинэчлэх шаардлагатай гэж тайлбарласан юм.

Мэдээж усны нөөцөө хамгаалах, зөв зохистой ашиглах шаардлагатай. Энэ тухай хэн ч маргахгүй. Харин ус хамгаалах нэрийн дор эдийн засгийнхаа гол түшгийг сулруулах зохицуулалт хийж болохгүй. Төслийн уул уурхайн компаниудад шууд нөлөөлөх гурван заалтыг авч үзье.

-УУРХАЙ ГАЗРЫН ДООРХ ЦЭНГЭГ УС АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО-

Хуулийн төслийн 48.6 дугаар зүйлд “Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглоно” гэж тусгажээ. Энгийнээр хэлбэл, энэ заалт батлагдвал уурхай хайгуул хийх, ашигт малтмал олборлох, боловсруулахдаа газрын доорх цэнгэг ус ашиглах боломжгүй болно гэсэн үг. Өнөөдөр ийм эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа уурхай, баяжуулах үйлдвэрүүдэд шууд нөлөөлнө. Гэхдээ Монголын бүх уурхай ижил нөхцөлд ажилладаггүй. Зарим нь усны нөөц ихтэй бүсэд, зарим нь усны хомсдолтой говийн бүсэд байрладаг. Усны нөөц, газрын тогтоц, өөр эх үүсвэр ашиглах боломж нь ч харилцан адилгүй. Ийм ялгааг харгалзахгүйгээр бүгдэд нь нэг ижил хориг тавих нь зөв шийдэл эсэх нь эргэлзээтай. Нөгөө талаар уул уурхайн компаниуд усны хэрэглээгээ бууруулах чиглэлээр тодорхой ажил хийж ирсэн. Тухайлбал, “Оюу толгой” компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайланд үйлдвэрлэлдээ ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашигласан гэж мэдээлжээ. Энэ нь технологийн шийдлээр усны хэрэглээг бууруулах боломж байгааг харуулж байна. Тиймээс ус хэмнэж, ашигласан усаа дахин боловсруулж байгаа компаниудыг бусадтай нь адилхан хоригт хамруулахын оронд бодит үр дүнг нь үнэлж, дэмжих хэрэгтэй. Ус хамгаалах бодлого гэдэг бүх хүнд хориг тавихын нэр биш.

-УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ, ХҮЧИНГҮЙ БОЛОХ, ЦУЦЛАГДАХ ҮЕД ГАЗРЫН ДООРХ УСЫГ ЗОРИУДААР НЭМЭГДҮҮЛНЭ-

Хуулийн төслийн 48.8 дугаар зүйлд уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах, хүчингүй болох, цуцлагдах үед тухайн компани тогтоосон газарт усан сан байгуулах эсвэл газрын доорх усыг зориудаар нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, уурхай үйл ажиллагаагаа зогсоосны дараа ч усны нөөцийг нэмэгдүүлэх ажил хийх шаардлагатай болох нь. Уурхай ашиглалтаа дуусгасны дараа байгаль орчноо нөхөн сэргээдэг. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Харин бүх уурхайд усан сан байгуулах, газрын доорх усыг нэмэгдүүлэх үүрэг ижил тавих нь бодит амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй. Учир нь газар бүрийн хөрс, чулуулаг, усны нөөц өөр. Нэг газарт усан сан байгуулах боломжтой байхад нөгөө газарт газрын доорх усыг нэмэгдүүлэх нь техникийн хувьд боломжгүй ч байж болно. Ийм ажлыг хийхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатайг ч урьдчилан тооцох боломжгүй. Гэтэл ямар тохиолдолд, хэр хэмжээний усан сан байгуулах, газрын доорх усыг хэрхэн нэмэгдүүлэх, үүнд ямар зардал гарахыг нарийвчлан тодорхойлоогүй байхад ийм үүрэг хүлээлгэж байгаа нь компаниудад тодорхойгүй, их хэмжээний нэмэлт зардал үүсгэх эрсдэлтэй.

-ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ АВАХААС ӨМНӨ УСНЫ НӨӨЦИЙН ДҮГНЭЛТ ШААРДАНА-

Хуулийн төслийн 48.5 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө тухайн газарт ус ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тусгажээ. Одоогийн хуулийн 17.2-т ч ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгохдоо сав газрын захиргааны саналыг үндэслэхээр заасан байдаг. Харин шинэ төсөлд усны нөөцийн дүгнэлтийг тусгай зөвшөөрөл авахаас өмнөх илүү тодорхой шаардлага болгож байна. Гэтэл хайгуулын эхний шатанд тухайн газарт яг ямар хэмжээний ашигт малтмал байгааг, цаашид ямар аргаар олборлохыг, хэр их ус хэрэгтэйг хэн ч бүрэн мэдэх боломжгүй. Учир нь эдгээрийг тогтоохын тулд эхлээд хайгуул хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орд байгаа эсэх нь ч тодорхой болоогүй байхад ус ашиглах боломжтой эсэхийг урьдчилан дүгнүүлэхээр болж байна. Тэгвэл ямар мэдээлэлд үндэслэж ийм дүгнэлт гаргах вэ. Энэ нь хайгуулын хөрөнгө оруулалтад шууд эрсдэл үүсгэнэ. Хөрөнгө оруулагч хайгуул хийхийн тулд олон жил, их хэмжээний мөнгө зарцуулдаг. Харин усны дүгнэлт тодорхойгүй шалгуураар гарах, эсвэл дүгнэлт авч чадахгүйгээс тусгай зөвшөөрөл авах боломжгүй болбол тухайн талбайд хөрөнгө оруулахгүй.

Усны нөөцийг урьдчилан тооцох нь зөв. Гэхдээ хайгуулын шатанд шаардах мэдээлэл, дүгнэлт гаргах шалгуур нь ойлгомжтой, бодитой байх ёстой. Эс бөгөөс ус хамгаалах гэсэн зохицуулалт нь ашигт малтмалын хайгуул хийхээс өмнө хөрөнгө оруулалтыг зогсоох саад болж мэдэхээр байна. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийт 8 бүлэг, 61 зүйлтэй. Дээрх гурван заалт бол уул уурхайн салбарт шууд нөлөөлж болзошгүй зохицуулалтуудын жишээ юм.

Уул уурхайгаас төсвийнхөө гуравны нэгийг бүрдүүлдэг улс энэ салбарынхаа үйл ажиллагааг тогтвортой явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хөрөнгө оруулагчид маргааш ямар шинэ шаардлага тавигдах, үйл ажиллагаагаа ямар нөхцөлд үргэлжлүүлэхээ урьдчилан мэддэг байх ёстой. Хууль гэдэг зөвхөн хориг тавьж, үүрэг нэмдэг хэрэгсэл биш. Усны нөөцөө хамгаалъя гэвэл шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой хууль батлах хэрэгтэй. Уул уурхайгаас төсвөө бүрдүүлдэг атлаа уул уурхайн компаниудад шинэ хориг, үүрэг нэмэхдээ эдийн засгийн үр дагаврыг нь тооцохгүй бол эцэст нь тэр зардлыг зөвхөн компаниуд биш, нийт эдийн засаг үүрнэ гэдгийг санах хэрэгтэй, улстөрчдөө!




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө