УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас яллагдагчаар татан шалгаад нэг жил орчмын хугацаа өнгөрч байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай 2025 оны 08 дугаартай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор иргэн О.Отгонтөгс нь "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн. Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг тодотгоод, уг хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ дагуу хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа.
Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор түүнийг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь огцруулсан байдаг. Харин УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх асуудал өнөөдрийг хүртэл яригдаагүй байгаа.
Гэтэл Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заажээ.
Тиймээс УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөнийг нь Үндсэн хуулийн цэц тогтоон дүгнэсэн байхад тус УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ хэлэлцэлгүй орхигдуулсан хэмээн нэр бүхий иргэн үзэж, уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ.
Тэгвэл тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээллийн шаардлага:
“Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах”.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтуудад тус тус үндэслэн гаргаж байна.
Шаардлагын үндэслэл:
1. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 сарын 22 өдрийн 08 дугаар дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргахдаа 1 дэх заалтад “Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн байдаг.
2. Монгол Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болох эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. ...” гэж заасан.
Ийнхүү гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад зааснаар тус гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (“ҮХЦ”) дүгнэлт гаргахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан байна.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хууль (“МУИХтХ”) – ийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг.
Гэвч Улсын Их Хурал (“УИХ”) нь УИХ-ын гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхдээ тус гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулсан байна. Энэ талаар УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025.11.10-11.04 өдрүүдэд хамаарах “хэлэлцэх асуудал, тов, дараалал” – аас тодорхой харагддаг.
УИХ-аас 2025 оны 11 сарын 12 өдрийн 99 дугаартай тогтоолоор тус Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гишүүн болох Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан.
Тухайлбал, дээр дурдсан хэлэлцэх асуудал, тов, дараалалд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гишүүний асуудлыг хэлэлцэхдээ зөвхөн “Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал” гэж хэлэлцсэн байх бөгөөд тус гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцээгүй буюу шийдвэрлээгүй байна.
Улмаар, УИХ-аас 2025 оны 11 сарын 12 өдрийн 99 дугаартай тогтоолоор тус Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гишүүн болох Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүнийг УИХ-ын дэд дарга албан тушаалаас огцруулах нь зөвхөн нэмэлт шинжтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. ...” гэж заасныг үгүйсгэх үндэслэл болохгүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн уг хэсэгт нийцэхгүй байна.
Иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. ...” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд оруулна:” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хэлэлцэн дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.