ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна

ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцсэн билээ. Тэгвэл тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий сайдын хувиар анхны төсөв 2027 оны Улсын төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсвийн тоо, мөр бүрийн ард нэг л амин чухал агуулга байгаа. Монголынхоо баялгийг Монголчууддаа хүргэх, Эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх зорилготой юм. Энэ бол сайд нарын урсгал зардлаас 1.4 их наядыг танаж, иргэндээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн үргэлжлэл юм. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч, айл өрх, ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр юм” гэлээ.

Тус хуралдаанаас гаргасан есөн шийдвэрийг танилцуулж байна.

"ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХЫГ ИРГЭД ШИЙДНЭ"

Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Монголчууд ногдол ашгаа Монголдоо авчрах 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөнгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэрт, 2 боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг И-Монголиагаар санал асуулга явуулж, иргэдийн саналаар шийдвэрлэнэ.

"10 ТӨК-ИЙН ХУВЬЦААГ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОЖ, 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭХ ОРОНДОО ТАТНА"

Хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхэддээ өвлүүлж, бэлэглэж, арилжаалж болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад ТӨК-иудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж, нээлттэй болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор төрийн үнэт өмч болгоно. Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 ТӨК-ийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах болно. Эрдэнэс Тавантолгой зэрэг ТӨК-иудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийн ажил, хөдөлмөр, хувийн хэвшил өсөн тэлэхэд зарцуулна. ТӨК-иудаас татан төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломж олгоно.

"792 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЦАЛИНД ХХОАТ ТӨЛӨХГҮЙ"

Гуравдугаарт, Иргэд цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй. Энэ шийдвэр гарснаар иргэдийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Мөн жилийн 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААНОАТ-ын нэг хувийн татвар төлнө. НӨАТ-ын босго 50 саяас 400 сая төгрөг болно.

"СОЁЛ, СПОРТ, ХАА, ЦАГ УУРЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЗЭРЭГ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ"

Дөрөвдүгээрт, Ирэх онд тэтгэвэр дунджаар 1.335.400 төгрөг болно. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны 11-р сарын 1-нээс 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр өгнө. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмнэ. Соёл, спорт, ХАА, цаг уурч, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувиар нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.

"ТӨРИЙН БАРЬЖ БАЙГАА 4 МЯНГАН ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ 15 ХУВЬ БОЛГОНО"

Тавдугаарт, 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцад орно. Төрийн барьж байгаа 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш 15 хувь болж, босго нь хоёр дахин намсана.

"ДЦС-3 БОЛОН 10 АЙМГИЙН ДЦС-ЫГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА"

Зургадугаарт, ДЦС-3-ын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6-р цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан ДЦС-3 болон 10 аймгийн ДЦС-ыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.

"ИРЭХ ОНД 100 МЯНГАН СУРАГЧ GOOGLE-ИЙН КОМПЬЮТЕРОО АВНА"

Долдугаарт, Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байрыг шинээр ашиглалтад оруулна. Ирэх онд 100 мянган сурагч Google-ийн компьютероо авна.

"34 ЭМНЭЛЭГ БАРИНА"

Наймдугаарт, Гадаад зээл, тусламжаар 39 эмнэлэг барьж байна. Улмаар нэмж 34 эмнэлэг барьж байгуулна.

"ИРЭХ ОНД 10 НАРНЫ СТАНЦЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАРИНА"

Есдүгээрт, Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөө байгуулна. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй.