Хар өнгийн хувцсаар ижилссэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд Чехийн нийслэл Прага хот дахь Чехийн олон нийтийн радиогийн байрны гадаа жагсаж, Чехийн олон нийтийн радио, телевизийг улсаас санхүүжүүлдэг болгох засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Тэд Чехийн популист Ерөнхий сайд Андрей Бабиш болон түүний засгийн газрын төлөвлөгөө хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдалд заналхийлж байна хэмээн үзэж байгаа аж.
Чехийн засгийн газрын өнгөрсөн 7 хоногт баталсан тус төлөвлөгөөнд ирэх жилээс Чехийн олон нийтийн радио, телевизийг иргэд, айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдийн хураамжаар бус улсаас санхүүжүүлдэг болгох тухай тусгасан байгаа аж. Энэ нь 3 намаас бүрдэх Чехийн эвслийн засгийн газарт хэвлэл мэдээллийн салбарт нөлөөлөх эрх мэдлийг олгоно гэж хэвлэл мэдээллийн ажилчид үзэж байгаа ба сүүлийн жилүүдэд Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо, Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбан нарын популист засаг захиргаа хэвлэл мэдээллийн салбарт нөлөөгөө ийнхүү тогтоохыг оролдсон болохыг онцолжээ.
Түүнээс гадна Чехийн олон нийтийн радио, телевизэд ирэх оноос өмнөх жилүүдээс 15 хувиар бага санхүүжилт олгох болсонтой холбоотойгоор Чехийн олон нийтийн радио, телевиз олон зуун ажилчдаа цомхотгож, үйл ажиллагаагаа танаж, нэвтрүүлгүүдээ цуцлахад хүрнэ гэдгийг тус байгууллагын удирдлагууд анхааруулжээ.
Эх сурвалж: AP News