С.Золбоо : Монголдоо ирээд 10 жилийн дараа Хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн "Вард ФС" багтай гэрээ байгуулан тоглож байна

С.Золбоо : Монголдоо ирээд 10 жилийн дараа Хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн "Вард ФС" багтай гэрээ байгуулан тоглож байна

Дэлхий нийтээрээ хөлбөмбөгийн спортоор амьсгалж, дэмждэг багийнхаа тоглолтыг хоног тоолон хүлээж буй энэ цаг үед Монголын хөлбөмбөгийн лигийн тоглолтууд ч зохион байгуулагдаж эхлээд буй.  Даруухан, чимээгүйхэн тоглоод өнгөрдөг монголын хөлбөмбөгт энэ жил нэгэн сонирхолтой "зочин" ирсэн нь юүтүбэр С.Золбоо юм. Түүний хувьд БНСУ-д ажиллаж амьдардаг бөгөөд эх орондоо байх хугацаандаа нэгдүгээр лигийн Вард ФС багт довтлогчийн үүргийг гүйцэтгэж буй юм. Бид түүнийг сайтынхаа Social ID буланд урьж, Вард ФС багийн тавдугаар тойргийн тоглолтын дараа хөлбөмбөгийн талаар ярилцлаа. 

ВИДЕО: 

- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Манай үзэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүлж яриагаа эхлүүлэх үү? 

- Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Zolbootv юүтүб сувгийг хөтөлдөг С.Золбоо байна аа. Одоогоор Монголдоо ирчихсэн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн Ward FC клубт тоглож байна. Өнөөдөр манай багийн тав дахь тоглолт болж, хожлоо. Сэтгэгдэл маш өндөр, сайхан байна. 

- Хамгийн анх хөлбөмбөг тоглож эхэлсэн түүхээ бидэнд хуваалцахгүй юу? 

Би Солонгост 14 настай байхдаа очиж байсан юм.  2002 он гэсэн үг л дээ. Тэр жил Солонгос, Япон улсууд хамтран  хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулаад удаагүй байсан, Солонгос улс бүр 4 дүгээр байранд орчихсон байсан учраас жинхэнэ хөлбөмбөгөөр амьсгалж байлаа. Би уг нь монголд байхдаа сагсанбөмбөг тоглодог байсан ч тэнд очоод шууд л хөлбөмбөгийн уур амьсгалд нь автаад, сонирхон тоглож эхэлсэн. Хүүхдүүд бүгд л тоглож байгаа учир тоглохоос өөр аргагүй. Нэг өдөр найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байхад минь хөлбөмбөгийн дугуйлангийн нэг багш намайг олж хараад өөрийнхөө дугуйланд явуулах санал тавьж байсан. Би ч зөвшөөрөөд, тэр үеэс л миний хөлбөмбөгийн карьер эхэлсэн дээ. Дунд, ахлах сургуульд суралцах хугацаандаа буюу зургаан жил хөлбөмбөгийн секцийн сургуульд суралцаж байсан. Монголд бол хүүхдүүд зүгээр шууд гэрээсээ яваад бэлтгэлээ хийдэг бол миний сурж байсан сургууль дээрээ байрлаж байгаад бэлтгэлээ хийдэг байсан. Өдөр бүр өглөө, өдөр, орой бэлтгэлээ хийдэг. байсан. Сардаа нэг л удаа гэр лүүгээ харьдаг. 

- Солонгост хөлбөмбөг тоглох, Монголд хөлбөмбөг тоглохын хооронд ямар ялгаа ажиглагдаж байна вэ. Таны харж байгаагаар монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд хийх ёстой хамгий чухал ажил юу бол? 

- Би өөрөө хөлбөмбөгт маш их хайртай хүн. Бараг л  миний амьдралын нэг хэсэг гэж хэлж болохоор спорт юм л даа. Хөлбөмбөг тоглох үедээ л би бүх юмаа мартаж чаддаг. Талбай дээр гарах үедээ бүх стрессээ тайлж чаддаг. Энэ гоё спортыг манай монголд хөгжилтэй орнууд шиг хөгжүүлбэл ямар гоё вэ гэсэн бодол үргэлж толгойд байдаг юм. Манайд нэг дутуу байгаа юм нь систем юу болов уу гэж хардаг.  Хөлбөмбөгийн хөгжил бол ерөөсөө л систем л дээ. Бүр анхан шатны 5-6 настайгаас нь бэлтгэдэг систем монголд одоогоор байхгүй байна. Анзаараад байхад монголын хөлбөмбөгчид тамирчид, дасгалжуулагчид бүгд сэтгэлээрээ л явдаг хүмүүс байдаг юм билээ. Үүнийг л системд оруулаад, тэр хүмүүсийг цалинжуулаад, ивээн тэтгэчих юм бол монголд авьяастай тамирчид маш олон бий. Ялангуяа манай монголчууд чинь спортод авьяастай хүмүүс шүү дээ. 

- Та өмнө нь бас Монголын лигт тоглож байсан юм билээ. Одоо ирээд тоглоход тэр үеэс өөрчлөгдсөн зүйл байна уу? 

- 2015 онд би монголд ирээд нэгдүгээр лигт тоглож байлаа, 2016 онд Дээд лигт тоглож байлаа. Тэр үед тоглож байсан мэдрэмж одоо ирээд тоглож байгаа мэдрэмж хоёр тэс өөр байгаа. Яагаад гэвэл манай тамирчдын ур чадвар маш их сайжирсан, манай улсын хөлбөмбөгт ирээдүй харагдаж байгаа. Гэхдээ мэдээж Солонгос Монгол хоёр улсын дээд лигийг харьцуулах юм бол маш олон ялгаа гарч байгаа нь үнэн. 

- Нэгдүгээр лигийн Вард ФС багийг сонгосон шалтгаан юу вэ. Таныг урьсан уу, та өөрөө сонгосон уу? 

- Би уг нь анх хөлбөмбөг тоглоно гэж бодоогүй юм. Надтай хамт тоглодог Беки гээд дүү маань надад есөн сар хүртэл монголд байх юм бол манай багт орж тоглох уу гэсэн санал тавьсан. Энэ багт орсондоо маш их баяртай байгаа. 

 

- Багийнхантай хэр дотно болсон бэ. Найзалж амжсан уу? 

Би өөрөө бас их нэрэлхүү хүн л дээ. Эхэндээ нэрэлхээд багийнхаа тамирчидтай ярьж, ойлголцож чадахгүй байсан. Одоо бол гоё ойлголцоод, дотносож эхэлж байгаа. Багийн маань тамирчид ч бас надтай чөлөөтэй ярьж эхэлж байгаа. 

- Багтаа ямар үүрэг гүйцэтгэдэг тамирчин бэ. Ямар байрлал дээр тоглож байна? 

- Би чинь багийнхаа хамгийн хөгшиндөө орж байгаа. Одоо хоёр жилийн дараа 40 нас хүрлээ. Над шиг настай тамирчид илүү сэтгэл гаргаж гүйгээд, хичээгээд байх юм бол дүү нар нь ч тэрийг нь хараад урам авч, илүү сайн тоглох юм болов уу гэж боддог юм би. Би лаг тоглоод л, гоол хийгээд байхаасаа илүү багтаа эрч хүчийг өгье гэж боддог юм. Байрлалын хувьд довтлогчийн байрлалд тоглож байгаа. Өнөөдөр нэг гоол оруулсан. 

- Яг талбай дээр гараад тоглож байх 90 минутын хугацаанд та хэн байдаг вэ. 

- Спорт гэдэг бол сэтгэлзүйн тэмцэл байдаг шүү дээ. Талбай дээр гараад эсрэг багтайгаа тоглож байгаа юм шиг мөртлөө өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байдаг. Өөрийгөө ялж байж эсрэг багаа ялдаг. Би яаж тоглох ёстой, ямар үйлдэл гаргах ёстой, айлын хамгаалагчид намайг шахвал ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гээд ерөөсөө л өөртэйгээ тэмцэх хэрэгтэй байдаг. Өөрийгөө хэр бэлдсэнээс шалтгаалан талбай дээр гарах үр дүн шийдэгддэг гэж би боддог юм. Өнөөдөр ч гэсэн эсрэг багийн тамирчид сайн тоглож байна. Дүү нар "аллаа" намайг бараг/ инээв/. Шатаагүй гоё тоглоод л дуусгалаа. 

- Таны юүтүбийн бичлэгийг үзэж байгаагүй хүн монголд ховор байх аа. Юүтүбэр Золбоог хөлбөмбөг тоглож байгааг харсан хүмүүс, хөгжөөн дэмжигчид ямар сэтгэгдэлтэй байгаа вэ? 

- Хөгжөөн дэмжигчид маань намайг Zolbootv тоглож байна гээд дэмжиж байгаа хүмүүс ч байгаа. Эсрэгээрээ Zolbootv тоглож байгаа юм бол манай монголын хөлбөмбөгийн ранк унахвий дээ гэсэн байсан. Би гайгүй тоглочихдог шүү. 

- Тамирчин болоод амьдралын хэмнэл илүү л завгүй болсон байх. Өдөр тутмын амьдралаа хэрхэн зохион байгуулж байгаа вэ? 

- Нэгдүгээр лигт тоглоход маш их цаг хугацаа зарцуулж байгаа. Яагаад гэвэл бэлтгэлээ хийнэ,  тэмцээндээ орно, би өөрөө сахилга баттай байх ёстой болно. Оройдоо гарч гүйх ч юмуу. Нэгэнт л Ward клубт тоглоно гэж гэрээ байгуулаад, гарын үсэг зурсан учраас нэг ч өдөр бэлтгэлээ таслахгүй, тэмцээнээ таслахгүй, хоёр дасгалжуулагчийнхаа үгэнд ороод тууштай явъя гэж бодож байгаа. 

- Төгсгөлд нь багийнхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлээд, ярилцлагаа өндөрлөе.  

- Манай баг өнөөдрийн байдлаар нэг ч хожигдоогүй, таван хожилтой явж байгаа. Бидний зорилго бол нэгдүгээр лигт аварга авч, дээд лиг рүү орох том амбиц байгаа. Багийн маань тамирчид маш гоё нэгдээд, хоёр дасгалжуулагч маань ч үнэхээр гоё сэтгэл гаргаж дасгалжуулаад, яг л нэг баг тоглож байгаа учраас өнөөдрийн энэ амжилтыг гаргаж байгаа болов уу гэж би боддог юм. Тэмцээн дуусан дуустал яг энэ уур амьсгалаараа хичээцгээе. Амжилт. 

- Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө