СУРВАЛЖИЛГА: Рио Тинто, Оюу толгойн 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч,  Геотехникийн инженерүүд эх орондоо бэлтгэгдэж байна

СУРВАЛЖИЛГА: Рио Тинто, Оюу толгойн 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч, Геотехникийн инженерүүд эх орондоо бэлтгэгдэж байна

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн төгсөлтийн танхимд баярын уур амьсгал бүрджээ. Уул уурхайн салбарын хамгийн эрэлттэй, ховор мэргэжлүүдийн нэг болох геотехникийн инженерийн ангийн оюутнууд өнөөдөр бакалаврын дипломоо гардан авч байна. Тэд бол Рио Тинто групп, Оюу толгой компани болон ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөрөөр Монгол Улсад бэлтгэгдсэн гурав дахь үеийн төгсөгчид юм.

ВИДЕО:

"2021 ОНООС ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ МОНГОЛДОО БЭЛТГЭХ БОЛОМЖ БҮРДСЭН"

Уул уурхайн "амин сүнс" хэмээн нэрлэгддэг геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх зорилгоор Рио Тинто групп, Оюу толгой компаниуд 2021 оноос эхлэн ШУТИС-тай хамтран ажиллажээ. Энэхүү ажлын хүрээнд тус сургуульд нийт 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, лаборатори байгуулах, сургалтын орчныг сайжруулах, багш боловсон хүчин бэлтгэхэд зарцуулсан байна. Ингэснээр өмнө нь гадаадын их сургуулийг зорьдог байсан энэ чиглэлийн боловсролыг Монголдоо эзэмших боломж бүрджээ.

Энэ жил геотехникийн инженерийн мэргэжлээр 18 оюутан төгсөж, дипломоо гардан авсан юм. Төгсөлтийн арга хэмжээний үеэр ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан хамтын ажиллагааны үр дүнг онцолсон юм.

Тэрээр “Энэ жилийн хувьд ШУТИС бакалаврын хөтөлбөрийн 96, магистрын хөтөлбөрийн 58 дахь төгсөлт тохиож байна. Энэхүү сургууль маань анх үүсгэн байгуулагдсанаас хойш 67 дахь төгсөлтийн баяраа хийж байна. Энэ хаврын улиралд нийт 2200 орчим оюутан төгсөж байна. ШУТИС-ын хувьд ажлын байранд хэрэг болох мэдлэг ур чадварыг сурагчдад олгох дээр хамгийн их анхаарч байгаа. Энэ утгаараа бид үйлдвэр, бизнесийн байгууллагатай аль болох өргөн цар хүрээтэй хамтарч ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд хамгийн ихээр хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бол Оюу Толгой болон Рио ТинТо компаниуд юм. Уг хоёр компанитай бид хамтарсан геотехникийн хөтөлбөр болон судалгааны төсөл хэрэгжүүлж байна. ШУТИС-ын хувьд 2.5 сая ам.долларын санхүүжилт авч үүгээрээ тоног төхөөрөмж, лабораторийг шинээр байгуулж шинэ хөтөлбөр хүртэл нээж хэрэгжүүлээд ажиллаж байна. Мөн сургуулийн багш нарыг дадлагажуулж сургасан байна. Энэ жилийн хувьд геотехникийн суралцагчдын тав дахь төгсөлт болж байна. Энэ бол маш чухал эрэлт хэрэгцээтэй мэргэжил юм. Манай улсад уул уурхай жил тутам хөгжиж байна” хэмээн хэллээ.

"ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР НЬ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХӨРС, ГАЗРЫН ГАДАРГЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ СУДАЛЖ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАДАГ ОНЦГОЙ МЭРГЭЖИЛ"

Геотехникийн инженер нь уул уурхай, барилга байгууламжийн хөрс, чулуулгийн тогтоц, газрын гадаргын тогтвортой байдлыг судалж, үнэлэх замаар томоохон төслүүдийн аюулгүй ажиллагааг хангадаг онцгой мэргэжил юм. Дэлхий дахинд энэ чиглэлийн боловсон хүчний эрэлт өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Монголын уул уурхайн салбарын хувьд ч стратегийн ач холбогдолтойд тооцогддог.  Хөтөлбөрийн хүрээнд төгсөгчид олон улсын жишигт нийцсэн боловсрол эзэмшиж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дээр шууд мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, 2024 оны анхны төгсөгчдийн 80 гаруй хувь нь “Оюу Толгой” компанид ажиллаж байгаа аж. 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Оюу толгой” ХХК-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү “Оюу Толгой ХХК болон Рио Тинто Монгол ХХК хамтарч өнгөрсөн таван жилийн хугацаанд геотехникийн инженер бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөрт одоогоор 144 оюутан хамрагдсанаас 53 оюутан төгсөж, бусад нь суралцаж байна. 53 төгсөгчөөс 19 нь өөрсдийн төгссөн мэргэжлээрээ Оюу Толгой ХХК-д ажиллаж байна. Тиймээс эдгээр төгсөгчид маань сурсан зүйлээ ажлын талбар дээр хэрэгжүүлж чадаж байгаа нь хамгийн том давуу тал. Геотехникийн инженер нь уул уурхай, барилга байгууламжийн хөрс, чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад өндөр ач холбогдолтой мэргэжил бөгөөд дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам өссөөр байгаа. Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйг бүтээлцэх хүсэл мөрөөдөлтэй залуусыг геотехникийн инженерийн мэргэжлийг сонгон суралцаж, үндэсний болон олон улсын хэмжээний томоохон төслүүдэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. Бид төгсөгчдийг 100 хувь ажлын байраар хангах нь хэцүү. Иймд төгсөгч нар маань томоохон уул уурхайн компаниудад ажиллах байх гэж бодож байна” гэв.

Хамтын ажиллагааны үр дүн зөвхөн сургалтын орчноор хязгаарлагдахгүй. Оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх, тэтгэлэгт хамрагдах, төгсөөд ажлын байранд зуучлагдах зэрэг бодит боломжуудыг хүртэж байна. Үүний нэг жишээ нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн төгсөгч С.Бямбасүрэн юм. Тэрээр дөрвөн жилийн турш тэтгэлгээр суралцаж, энэ жил онцлох дипломтой төгсөж байгаа бөгөөд төгсөөд алтны уурхайд ажиллах урилга авчээ.

"С.БЯМБАСҮРЭН: АЛТНЫ УУРХАЙД АЖИЛЛАХ УРИЛГА АВСАН ДИПЛОМОО АВЧХААД МАРГААШ ГОВЬ-АЛТАЙ НИСНЭ"

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн төгсөгч С.Бямбасүрэн “Миний хувьд ШУТИС-ын Геотехникийн инженер мэргэжлээр төгсөж байна. Мөн хичээж суралцсаныхаа хариуд онцлох дипломтой төгсөж байгаа даа маш баяртай байна. Монголд төдийгүй дэлхийд геотехникийн инженер мэргэжил нь маш чухал ач холбогдолтой мэргэжил тул сонгож суралцсан. Анх геологич болно гэж бодож байгаад Оюу Толгой болон Рио Тинто компани хамтарч энэхүү мэргэжлээр суралцах боломжийг хангаж байгааг сонсоод эргэлзэлгүй элсэн суралцсан. Суралцаж байгаа оюутнуудаас жилд шилдэг 10 оюутныг сонгож тэтгэлэг гардуулдаг. Энэ жилийн хувьд геотехникийн инженер мэргэжлээр 18 оюутан төгсөж байна. Эдгээрээс онцлох дипломтой төгсөж байгаа төгсөгчид ч бий. Мөн нийт төгсөж байгаа оюутнуудын дундаж голч дүн 3-аас дээш байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Өнөөдрийн байдлаар ШУТИС-д геотехникийн чиглэлээр 90 оюутан суралцаж байгаа бөгөөд энэ жилээс магистрын хөтөлбөрөө эхлүүлжээ. Эхний элсэлтэд 20 оюутан бүртгүүлсэн нь энэхүү мэргэжлийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. Ийнхүү олон улсын уул уурхайн томоохон компаниудын хөрөнгө оруулалт, үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс уул уурхайн салбарын хамгийн чухал мэргэжилтнүүдийн нэг болох геотехникийн инженерүүдийг эх орондоо бэлтгэдэг болжээ. Тэд цаашид зөвхөн Оюу толгой төдийгүй үндэсний болон олон улсын томоохон төслүүдэд ажиллаж, салбарын ирээдүйг бүтээлцэх шинэ үеийн боловсон хүчин болох юм.