СУРВАЛЖИЛГА: Монгол Хятадын хамтарсан Найрамдал сургууль 53 дахь удаагийн төгсөлтийн баяраа ёслол төгөлдөр зохион байгууллаа

СУРВАЛЖИЛГА: Монгол Хятадын хамтарсан Найрамдал сургууль 53 дахь удаагийн төгсөлтийн баяраа ёслол төгөлдөр зохион байгууллаа

Эрдмийн өргөө баярын уур амьсгалаар дүүрч, төгсөгчдийн инээд хөөр, багш нарын ерөөл, эцэг эхийн бахархал нэгэн дор цугласан өдөр тохиолоо. Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Монгол Хятадын хамтарсан Найрамдал сургууль 53 дахь удаагийн төгсөлтийн баяраа ёслол төгөлдөр зохион байгууллаа.

ВИДЕО:

-БНХАУ-ЫН НЭР ХҮНДТЭЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ ЖИЛ БҮР ОЛОН СУРАГЧ ХҮРТЭЖ, МӨРӨӨДЛИЙНХӨӨ БОЛОВСРОЛЫГ ЭЗЭМШИХЭЭР ХЯТАД УЛСЫГ ЗОРЬЖ БАЙНА-

СБД-ийн боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн “Найрамдал сургууль нь 1964 оноос хойш улбаатай. Та бүхэн сая сонслоо шүү дээ төгсөгчдийн 90 гаруй хувь нь дэлхийд нэртэй их дээд сургуульд элсэн суралцах эрхээ авдаг. 2020 оноос хойш гэхэд л 100 гаруй төгсөгч томоохон их сургуульд элсэн суралцаж байна. эдгээр сурагчид их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд улс орны хөгжилд цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Цаашлаад Монгол Хятадын найрамдалт харилцаанд том тус болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Хятад-Монголын соёл боловсролын сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Жү Жүн Ли “Тус сургууль нь хилийн чанад дахь хятад иргэдийн онцлогийг хадгалсан хятад хэлний сургууль бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц давуу талтай. Зөвхөн хятад хүүхдүүдийг элсүүлээд зогсохгүй олон Монгол сурагчийг хамруулан сургадаг нь онцлог юм. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд сургуулийн хөгжил, дэвшлийг биечлэн харж ирлээ. Ялангуяа сургалтын орчин, техник тоног төхөөрөмж, дэд бүтэц эрчимтэй сайжирч, суралцах нөхцөл илүү боловсронгуй болсон. Мөн сурагчид HSK шалгалтад тогтмол өндөр амжилт үзүүлж, хятад хэлний мэдлэг чадвараараа онцгойрон шалгарч байна. Үүнээс гадна БНХАУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийг жил бүр олон сурагч хүртэж, мөрөөдлийнхөө боловсролыг эзэмшихээр Хятад улсыг зорьж байгаагаар нь бахархаж байна” гэв.

-ОДОО БИД АМЬДРАЛЫНХАА ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЖ БАЙГАА Ч НАЙРАМДАЛ СУРГУУЛИЙН СУРАГЧ БАЙСАН ГЭДГЭЭРЭЭ ҮРГЭЛЖ БАХАРХАХ БОЛНО-

Төгсөгчид “Өнөөдөр бидний хувьд баяртай атлаа дурсамжтай өдөр болж байна. Энэ сургуульд суралцсан он жилүүдэд зөвхөн хичээл номоос гадна нөхөрлөл, хүмүүжил, хариуцлага гэдэг зүйлийг сурсан. Багш нар маань үргэлж биднийг дэмжиж, урам өгч ирсэнд маш их баярлаж байна. Одоо бид шинэ амьдрал руу алхаж байгаа ч Найрамдал сургуулийнхаа сурагч байсан гэдгээрээ үргэлж бахархах болно”

Өөр нэгэн төгсөгч “Анги хамт олонтойгоо хамт өнгөрүүлсэн мөч бүхэн хамгийн нандин дурсамж болж үлдэнэ. Зарим найзууд маань БНХАУ-д, зарим нь Монголдоо үргэлжлүүлэн суралцах гэж байгаа ч бидний нөхөрлөл хэзээ ч өөрчлөгдөхгүй байх. Өнөөдрийн баяр бидний хөдөлмөрийн үр дүнг мэдрүүлсэн онцгой өдөр байлаа” гэсэн юм.

Харин Анги удирдсан багш М.Болормаа “Шавь нараа өнөөдөр төгсөөд зогсож байхыг харахад баяртай бас бага зэрэг гунигтай санагдаж байна. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, мөрөөдөлтэй байсан. Тэд маань олон сорилтыг хамтдаа давж, өнөөдрийн энэ сайхан мөчид хүрлээ. Цаашид хаана ч явсан зөв хүн байж, сурсан мэдсэнээ бусдад түгээдэг иргэн болоосой гэж хүсэж байна. Манай ангийн сурагчид бүгд “HSK”-ын 4-6 дугаар түвшинтэй сургуулиа төгсөж байна. Мөн дөрвөн сурагч БНХА-ын улсын Засгийн газрын тэтгэлэг авч, сурагчдын 60 хувь гадаадын томоохон сургуульд суралцах эрхээ авч чадлаа. Үлдсэн сурагчдын шалгалтын хариу хараахан гараагүй байгаа ч бүгд хүссэн сургуулиа авч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Ийнхүү сурагч насны дурсамжаа ардаа үлдээсэн төгсөгчид мөрөөдөл, зорилгоо өвөртлөн амьдралынхаа дараагийн шинэ хуудсыг нээж байна.