Сүүлийн жилүүдэд Монголын хип хоп урлагт өөрийн өнгө төрх, үзэл санаагаараа ялгарч буй артист Б.Өлзий-Учрал буюу ThunderZ энэ удаад тайзнаас бус танхимаас залуустай “уулзлаа”. ШУТИС-ийн түүхийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам түүнд “оюутнуудад түүхийн хичээл заах санал” тавьсан нь өчигдөр/2026.05.13/ биелэлээ олсоныг бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-“ТЭНГРИ” ТӨСЛИЙН ХААЛТЫН УРАН БҮТЭЭЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЦАЦАГДАНА-
Хичээлийн дараа оюутнуудын сэтгэгдэл нэг зүйл дээр төвлөрч байв. Тэд “урьд нь сонирхолгүй санагддаг байсан түүхийн хичээл анх удаа амьд мэт санагдлаа” хэмээн ярьсан юм. Учир нь энэ удаагийн лекц он сар, дайн тулаан, цээжлэх шаардлагатай мэдээллээр дүүрэн байсангүй. Харин “яагаад бид түүхээ мэдэх ёстой вэ” гэсэн асуултад хариу өгөхийг зорьжээ.
ThunderZ өөрийн яриандаа “Би мэргэжлийн багш биш. Тиймээс шинжлэх ухааны хүнд зүйлс ярихыг хүсээгүй. Харин сурагч, оюутнуудад түүхээ судлах хүсэл төрүүлэхийг хүссэн. Яагаад эх орныхоо түүхийг мэдэх ёстой вэ гэдгийг л ойлгуулахыг зорилоо” хэмээн онцолсон юм.
Түүний хэлсэн энэ үгс танхимд суусан залууст хүрч чадсан нь илт байлаа. Учир нь өнөөдрийн нийгэмд түүхийг “хуучин цагийн уйтгартай хичээл” гэж ойлгодог хандлага түгээмэл болсон. Харин ThunderZ түүхийг дуу хөгжим, дүрслэл, орчин үеийн хэл найруулгаар дамжуулан залуу үед хүргэж болохыг харуулж байна.
Тэрбээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “Тэнгри” төслөө ч энэ зорилготой холбон тайлбарласан юм. Уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран бүтээлүүд нь Монголын түүх, үндэсний ухамсар, өв соёлыг орчин үеийн хип хоп урлагтай хослуулснаараа онцлог.
ThunderZ-ийн хэлснээр “Тэнгри” төслийн гол зорилго нь сонсогчдод түүхээ судлах сэдэл төрүүлэх ажээ. Тэрбээр мөн: “Тэнгри” төслийн хаалтын уран бүтээл энэ долоо хоногт цацагдана. Энэ удаад үйл явдал одоо цаг дээр өрнөнө” хэмээн шинэ бүтээлийнхээ талаар товч мэдээлэл өгсөн юм.

-ТАНХИМ ДҮҮРЭН ОЮУТНУУД 90 МИНУТЫН ТУРШ БАРАГ ХӨДӨЛГӨӨНГҮЙ СУУЖ, ТҮҮНИЙ ЯРИАГ ШИМТЭН СОНСОЖ БАЙСАН НЬ ЮМ-
Доктор, дэд профессор Д.Сэрдарам “Боловсролын байгууллагад олон жил багшилсан хүний хувьд залуучуудын анхаарлыг татна гэдэг өнөөдөр ямар хэцүү болсныг нуухгүй. Монголын түүхийг судлах ёстой хамгийн гол шалтгааныг залуучуудад хамгийн ойрхон хүнээр тайлбарлуулахыг хүссэн. Та бүхэн сая харлаа шүү дээ.
Миний 90 минутын хичээл дээр маш олон оюутан унтаж харагддаг. Гэтэл сая хүн бүхэн маш анхааралтай, амьсгаа даран сонслоо” хэмээсэн юм.
ThunderZ-ийн хувьд энэ уулзалт нь зөвхөн нэг удаагийн лекц бус, өөрийн уран бүтээлийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлсэн алхам болсон гэж хэлж болно. Түүний дуу хөгжимд эх орон, үндэсний бахархал, түүхэн сэдэв хүчтэй тусдаг нь залуу сонсогчдыг татдаг гол онцлогийн нэг болоод буй. Түүнчлэн түүний фенүүдийн хүлээж буй дараагийн томоохон үйл явдал бол тавдугаар сарын 23-нд болох түүний тоглолт юм. Фэнүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй уг тоглолтоор “Тэнгри” төслийн үзэл санаа, шинэ уран бүтээлүүд тайзнаа амилна гэсэн өндөр хүлээлттэй байгаа юм аа.