Урлаг хөөсөн хүүхдийн хичээл ном цалгарддаг гэсэн түгээмэл, өрөөсгөл ойлголт байдаг. Тэгвэл энэ удаад бид “Social ID” буландаа бага наснаасаа хойш 15 гаруй кинонд дүр бүтээсэн хэр нь ЭХБ-ийн шалгалтдаа 800 оноо авсан “Шинэ Монгол” ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Г.Тэнүүн-Эрдэнийг онцоллоо. Бид түүнийг “Солиот эх” киноны Бороо хүүгийн дүрээр нь сайн мэдэх билээ.
ВИДЕО:
-Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигч нарт өөрийгөө танилцуулаач
-Сайн байцгаана уу? намайг Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ гэдэг. “Шинэ Монгол” ЕБС-ийн 11 дүгээр ангид суралцдаг.
-Чиний хувьд саяхан болж өнгөрсөн ЭХБ-ийн шалгалтдаа 800 оноо авсан шүү дээ. Энэ амжилтыг гаргахын тулд хэр удаан бэлдсэн бэ?
-Яг үнэнийг хэлэхэд бараг л бэлдэж чадаагүй. Би шалгалт болохын өмнө кино зураг авалттай байсан юм. Шалгалт болохоос гурав хоногийн өмнө зураг дуусаад Дарханаас хотод ирээд хоёр хоног сайн бэлдсэн. Гэтэл яг шалгалтын өмнөх өдөр бас кино зурганд явж таараад шөнөжингөө яваад өглөө нь есөн цагт нойрмог амьтан л шалгалтдаа орсон доо. Ер нь гайгүй амархан шалгалт байсан болохоор тэнцнэ гэх итгэлтэй байсан. Гэхдээ 800 оноо авна гэж төсөөдөөгүй ээ.
-Таныг хүн бүхэн мундаг жүжигчин гэдгээр нь мэднэ. Анх хэдэн настайгаа кино ертөнцөд хөл тавьж байв?
-Хамгийн анх зургаан настайдаа “Гэрлэн дохио” гээд олон киноны нэг ангид орж байсан. Тэр үеэс эхлээд л кино ертөнцөд сонирхолтой болж эхэлсэн. Одоогоор том жижиг гээд бараг 15 кинонд дүр бүтээсэн байна.
-Танай хувьд “Солиот эх” МУСК-ны “Бороо” хүүгийн дүрээр олонд танигдсан шүү дээ. Энэ кинонд тоглохдоо хэдэн нэстай байв. Анх яаж орж байв?
-Хэдэн настай байсан аа сайн санахгүй байна. Юутай ч ахтайгаа хамт “проб” өгч байсан. Бид хоёр хоёулаа байсан болохоор давуу тал болсон л доо. Яагаад гэвэл ах маань миний том болсон хэсэгт тоглох байсан юм. Манай аав өөрөө кино найруулагч болохоор урлагын амьдрал хатуу гээд ах бид хоёрыг жүжигчин болгохгүй гэдэг байлаа. Тиймээс энэ киноны шалгаруулалтад ааваас нууцаар орсон. Харин тэнцчихээд аавд хэлтэл “нэгэнт тэнцсэн юм бол өөрсдөө мэд” гээд зөвшөөрч байсан.

-АМАРАА АХ МААНЬ ЗАЛГААД ЧИ ШВЕЙЦАРИЙН КИНО НААДМААС ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧНИЙ ШАГНАЛ АВЧИХСАН БАЙНА ГЭХЭД ЭХЭНДЭЭ ИТГЭЭГҮЙ-
-“Солиот эх” киноны хэсгээс хамгийн их сэтгэлд үлдсэн хэсэг чинь аль хэсэг вэ?
-Би ээжийгээ өнгөрсөний дараа бугуйвчийг нь бариад модон дунд суугаад уйлж байгаа хэсэг байдаг. Тэр хэсэг хамгийн сэтгэлд үлдсэн. Яагаад гэвэд би өмнө нь камерны өмнө уйлж байгаагүй хэр нь анх удаа тийм хэсэгт тоглоод найруулагчаараа магтуулж байсан юм.
-Таны хувьд бас “Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлэйгийн дүрээрээ олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч байсан удаатай. Тэр үеийнхээ сэтгэгдэл хуваалцаач?
-Бас л их гэнтийн зүйл болсон. Амараа ах маань залгаад чи Швейцарийн кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авчихсан байна гэхэд эхэндээ итгээгүй. Дараа нь над руу “майл”-ын зураг явуулаад итгэсэн. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байдаг юм байна лээ.
-Ер нь таны тоглосон кинонуудаас хамгийн хайртай дүр тань аль вэ?
-“Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлээгийн дур байх. Яагаад гэвэл би энэ дүрийг өөрийгөө сайн гаргасан гэж боддог. Ер нь өөрийн тоглосон киногоо ичээд үзэж чаддаггүй юм. Гэхдээ Түнтүүлээг үзэхдээ ичээгүй.
-Кинонд тоглоход хамгийн хүнд санагддаг зүйл нь юу байдаг вэ?
Хүнд хэцүү нөхцөлтэй зураг авалтууд л байдаг даа. Тэр үед “энэ зүйл хэсэгхэн зуур л болоод өнгөрнө” гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Ярилцсанд баярлалаа.