Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Д.Цогтбаатар гишүүний хэвлэл мэдээллийн өмнө доромжлох технологи юм шиг байгаа юм. Энгийн, ямар ч ОУХ-ны оюутан хариулахаар асуултыг тавьж олон нийтийн дунд эвгүй байдалд оруулахыг би зөвшөөрөөгүй. Д.Цогтбаатар бас тайлан, үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйлийг хооронд нь хольж хутгаж ярьсан. Гадаад харилцааны яам уламжлалт аргаараа өөрийг нь сайд байх үед хийдэг байсан аргаараа л тэр тайланг хийсэн. Өөрийнх нь үед тайлагнах юм бага байдаг байсан байж магадгүй. Би өөрийн эрхгүй бухимдсан. Гэхдээ бидний яриаг харж байгаа бүх дипломатуудаа хүндэтгэсэн. Дээрээс нь энэ тайланг гадны улс орнууд ч тодорхой хэмжээгээр судалж харж байгаа. Гэтэл энэ хувийн харилцаагаа ийм байдлаар илэрхийлсэнд үнэхээр харамсаж байна. Сайд хүн шийдвэр гаргадаг, салбарыг, хүний нөөцийг удирдан зохион байгуулж, эх орныхоо төлөө ажилладаг. Д.Цогтбаатар гишүүнийг би сайн дипломатч гэж хэлэхгүй. Өөрөө энэ салбараас их хурлын гишүүн болчихоод салбар луугаа нулимах, жийх, дорд үзэх, энд ажиллаж байгаа дипломатуудыг доромжлохыг би зөвшөөрөхгүй. Тэр утгаараа би асуултанд хариулахаас татгалзсан” хэмээн ярилаа.