Б.Тони: Барнууд бүгд манай гэр бүлийн гаршуулж өсгөсөн удам дамжсан циркчид

Б.Тони: Барнууд бүгд манай гэр бүлийн гаршуулж өсгөсөн удам дамжсан циркчид

Сүр хүч, сүрлэг төрхөөрөө байгальд хаан хэмээн нэрлэгддэг амьтдын нэг бол яах аргагүй бар билээ. Тэд ихэвчлэн дулаан, чийглэг уур амьсгалтай газар дасан зохицож амьдардаг. Харин манай Монгол Улсад төдийлөн ирээд байдаггүй. Тэгвэл гурван төрлийн 11 толгой бар манай хүйтэн, сэрүүн уур амьсгалтай оронд циркийн үзүүлбэр үзүүлэхээр ирээд байна. Харин бид 10 гаруй жил тэдэнтэй нөхөрлөж байгаа бар сургагч, циркийн жүжигчин Буруно Тони-той түүний сүрлэг, эрээн найзуудын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

ВИДЕО:

-АМЬТАН СУРГАГЧ ХАМГИЙН САЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙХ ЁСТОЙ-

-Таны амьдрал бар гэх амьтантай холбогдоод хэр удаж байгаа вэ? Хэрвээ нууц биш бол хамгийн удаан болон хамгийн богино хугацаанд нөхөрлөж байгаа найзуудыгаа бидэнд танилцуулаач?

-Би 10 гаруй жил бартай нөхөрлөж байна. хамгийн бага нь Агла гэх нэртэй таван настай бар байгаа. Харин надтай хамгийн удаан хамт байгаа нь эгч дүү гурван бар. Тэд яг л хүнтэй адилхан өөр өөрийн гэсэн зан ааштай. Хамгийн том эгч бол Шиба тэр үнэхээр эрч хүчтэй, омголон зантай.

-Бар бол араатан амьтан. Тэр ч утгаараа ууртай догшин байх нь дамжиггүй. Та тэдэнтэй хэрхэн ойлголцдог вэ?

-Мэдээж бүх амьтад өөрийн гэсэн зан ааш, сэтгэл зүйтэй. Тиймээс ямар ч амьтан сургагч хамгийн сайн сэтгэл зүйч байх ёстой. Би эдгээр баруудтай хүүхэд наснаасаа хойш хамт өссөн болохоор бүгдийнх нь онцлогийг мэднэ. Жишээлбэл Шиба тухайн өдөр бага зэрэг ууртай байвал шахаж шаардахгүй тайван байлгахыг хичээдэг. Заримдаа аргадаж, эрхлүүлж ааш заныг нь засдаг. Өөрөөр хэлбэл бар болгонд нь тохируулж харьцах харилцааны хэв маягийг бий болгодог.

Эдгээр баруудын дэргэд байхад архирч, хөдөлж байгаа нь айх, сүрдэх мэдрэмжийг өгч байсан ч эзнийгээ хараад эрхэлж, туньж байгаа нь өөрийн эрхгүй хайрлах, энхрийлэх сэтгэгдэл төрүүлж байлаа.

-Тэднээс хамгийн эрх, дөлгөөхөн нь аль нь вэ?

-Тэднээс хамгийн эрх, хамгийн гомдомхой нь Дарма болон Агла. Би өглөөд ирээд хамгийн түрүүнд Дарматай мэндлээд түүнийг эрхлүүлчихвэл Агла надад гомдоод өдөржингөө царайгаа ч харуулдаггүй. Харин эсрэгээрээ Аглатай хамгийн түрүүнд мэндэлчихвэл Дарма надад гомдчихдог. Гэхдээ тэдний энэ ааш надад үнэхээр хөөрхөн, хайр татам санагддаг юм.

-ХҮН БИШ АМЬТАД БОЛОХООР БИЕ БИЕНЭЭ СОЛИХ, ХУВААЛЦАХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ Ч ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙР СЭТГЭЛИЙН ХОЛБООТОЙ, БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ ХОСУУД Ч БАЙГАА-

-Барыг номхотгохын тулд мансууруулах эм, бэлдмэл уулгадаг гэх яриа байдаг шүү дээ. Энэ үнэн үү?

-Хүмүүсийн дунд барыг тайвшруулахын тулд мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн буруу ойлголт байдаг. Гэхдээ огтхон ч тийм зүйл байхгүй. Би тэдэнтэй олон жил нөхөрлөж байгаа болохоор ямар нэгэн хор хүргэх хүсэл төрдөггүй. Тийм зүйл хэрэглээгүй байсан ч бид хоорондоо маш сайн ойлголцож чадна. Мансууруулах эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдол ч миний мэдэхээр огт дуулдаж байгаагүй юм байна. Угаасаа энэ бол хэзээ ч боломжгүй зүйл. Хэрвээ бид тэдэнд тийм төрлийн зүйл хэрэглүүлбэл барны маань ааш зан өөрчлөгдөж, бүр илүү догшин ширүүн болох эрсдэлтэй.

-Дэлхий дээр байгаа амьд амьтан бүрд өсөж үржих, хайрлаж дурлах хэрэгцээ байдаг. Тэгвэл таны барууд энэ хэрэгцээгээ хэрхэн хангадаг вэ?

-Энд байгаа 11 барын долоо нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй тиймээс тэд биеийнхээ биологийн хэрэгцээг хангадаг гэж хэлж болно. Яах Вэ хүн биш амьтад болохоор бие биесийгээ солих хуваалцах тохиолдол гарна. Гэхдээ чин сэтгэлээсээ хайр сэтгэлийн холбоотой, бие биедээ үнэнч хосууд ч байгаа.

-Бар бол байгальд хаан хэмээн нэрлэгдэж, сүр хүчээрээ ижил сүрэг, бусад амьтадад ихэрхэж амьдардаг омголон амьтан. Тэгвэл циркчин барыг хэрхэн сонгож, гаршуулж сургадаг вэ?

- Миний хувьд 150 жилийн түүхтэй циркчин гэр бүлд өссөн тав дахь үеийн амьтан сургагч . Тиймээс эдгээр 11 бар бол манай гэр бүлийн гаршуулж өсгөсөн удам дамжсан, өмнөх үеийн баруудын төл гэж хэлж болно. Эд нар маань ч гэсэн нас биед хүрээд үр төлөө гаргасан хойно бид тэднийг ажиглаад циркчин болоход хамгийн тохиромжтойг нь сонгож аваад багаас нь сургадаг. Түүнээс биш байгаль дээрээс ямар нэгэн амьтан авч ирээд циркчин болгох боломжгүй” гэсэн юм.