“Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор улс төрийн намууд дотоод бүтэц, удирдлагын тогтолцоогоо шинэчлэх үйл явц өрнөж байна. Энэ хүрээнд Ардчилсан нам анхан, дунд, дээд шатны бүтцээ шинэчилж, энэ сарын 8-нд болсон Их хурлаараа Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 384 гишүүнийг батламжилсан. Улмаар шинээр бүрэлдсэн ҮБХ-ны анхны хурлаа энэ сарын 9-10 нд Төрийн ордонд хаалттай хэлбэрээр хийсэн нь улс төрийн хүрээнд тодорхой хэмжээний анхаарал татав.
"АН-ЫН ДАРГЫН ОРУУЛЖ ИРСЭН "БАГЦ" САНАЛ ТАНИЛЦУУЛАГДСАН ҮЕЭС ЗААЛНЫ УУР АМЬСГАЛ О.ЦОГТГЭРЭЛИЙН ЭСРЭГ ЭРГЭЖЭЭ"
Хаалттай хуралдаан болсон нь зөвхөн шийдвэрийн агуулга бус, харин түүний ард өрнөсөн улс төрийн уур амьсгалыг олон янзаар таамаглах орон зайг нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Хуралдааны эхний өдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ҮБХ-нд хэд хэдэн гол томилгооны саналыг танилцуулсан байна.
Үүнд:
- Нийслэл хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
- Орон нутаг хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат
- Ерөнхий нарийн бичгийн даргаар одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан
О.Цогтгэрэлийн энэхүү нэр дэвшүүлэлтүүд нь ҮБХ-ны гишүүдийн дунд энэ нь “гэнэтийн багц санал” хэлбэрээр ойлгогдсон нь хэлэлцүүлгийн эхний үеэс л эсэргүүцэл, маргааны өнгө аясыг нэмэгдүүлжээ. Тодруулбал, Эх сурвалжуудын мэдээллээр, "хуралдаан эхний өдрөөсөө жигд бус уур амьсгалтай өрнөсөн бөгөөд даргын оруулж ирсэн "багц" санал танилцуулагдсан үеэс заалны уур амьсгал О.Цогтгэрэлийн эсрэг эргэсэн гэж хэлж байна. Үүний үр дүнд санал хураалтаар Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн О.Цогтгэрэлийн анхны хувилбар болох Д.Амарбаясгалан дэмжлэг авч чадаагүй" гэсэн юм.
Энэ нь зөвхөн нэг хүний томилгооны асуудал бус, харин шийдвэр гаргалтын процесс өөрөө ҮБХ-ны дотоод ойлголцолтой хэр нийцэж байна вэ гэдэг асуултыг хөндсөн үйл явдал болж хувирчээ. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг дахин нэр дэвшүүлсэн нь маргааныг улам хурцатгасан байна.
Учир нь А.Батпүрэв нь О.Цогтгэрэлтэй нэг нутаг усны, Увс аймгийнх бөгөөд өмнө нь АН-д бодлогод огт оролцож байгаагүй, харин О.Цогтгэрэл л түүнийг зөвлөхөөрөө ажиллуулж, тус нам дотор чирэх болсон байна.
Ингээд хэлэлцүүлэг маргаантай үргэлжилсээр, эцэст нь дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог шийдвэрлэж чадалгүй хойшлуулсан байна. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дуусах буюу сарын дараа Үндэсний бодлогын хороо дахин хуралдаж, намын таван дэд дарга болон "генсек"-ийг тодруулах тов гарчээ.
"Ч.ЛОДОЙСАМБУУ, Ц.МӨНХБАТ НАР НЬ НАМЫН ГИШҮҮДИЙН ИТГЭЛИЙГ АВЧ ЧАДААГҮЙ БУЮУ ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН БИШ АЖЭЭ"
Энэ үйл явдлыг тойрсон улс төрийн тайлбаруудыг нэгтгэвэл хэд хэдэн давхар шалтгаан ажиглагдаж байгаа юм. Нэгдүгээрт, өмнөх жишигтэй холбоотой хүлээлт юм. Ардчилсан намын дотоод практикт гол албан тушаалын томилгоог ихэвчлэн фракцуудын урьдчилсан зөвшилцөл, тохиролцоонд тулгуурлан оруулж ирдэг уламжлал бий. Энэ удаад О.Цогтгэрэл Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар гэнэтийн “багц” танилцуулсан нь эсэргүүцлийн нэг гол шалтгаан болж байна.
Хоёрдугаарт, фракц хоорондын тэнцвэрийн мэдрэмж. Монголын улс төрийн намуудад албан бус боловч чухал хүчин зүйл бол фракцуудын тэнцвэр байдаг. Томилгоо энэ тэнцвэрийг хангахгүй гэж үзэгдэх үед дотоод эсэргүүцэл хурдан хуримтлагддаг зүй тогтол энэ удаад давтагдсан байж болзошгүй.
Тухайлбал, нийслэл хариуцсан дэд даргад нэр дэвшсэн Ч.Лодойсамбуу, орон нутаг хариуцсан дэд даргад нэр дэвшсэн Ц.Мөнхбат нар нь намын гишүүдийн итгэлийг авч чадаагүй буюу Үндэсний бодлогын хорооны гишүүн болж чадаагүй улстөрчид ажээ.
Гуравдугаарт, шийдвэрийн ил тод байдал ба оролцооны асуудал. Хаалттай хуралдаан дээр ч нэр дэвшүүлэлтийн процесс хангалттай урьдчилсан хэлэлцүүлэггүй орж ирсэн нь зарим гишүүдийн итгэлцэлд нөлөөлсөн гэсэн тайлбар гарч байна. Дээрх уур амьсгал, мэдээллийг дүгнэвэл, найман сарын хугацаанд ажиллаж буй Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл фракцуудын тэнцвэр, итгэлцэл, шийдвэр гаргалтын арга барилын талаар дахин тохиролцоо шаардлагатайг харуулж байгаа хэрэг байж мэднэ. Ардчилсан намын ҮБХ-ны 68 дугаар хуралдаан нь зөвхөн дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудал төдий бус, харин дотоод шийдвэр гаргалтын процесс, зөвшилцлийн механизм, фракц хоорондын тэнцвэр хэрхэн ажиллаж байгааг ил тод харуулсан улс төрийн чухал үйл явдал болж байна.
Дараагийн хуралдаан хүртэлх хугацаанд талууд хэрхэн зөвшилцөлд хүрэхээс тус намын дотоод тогтвортой байдал болон улс төрийн цаашдын байр суурь тодорхой хэмжээгээр хамаарах төлөвтэй байна. Учир нь ирэх онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох бөгөөд энэ сонгуульд багаа сайн бэлдэж, нэгдмэл авч орох сорилт сөрөг хүчин болсон Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн өмнө бий.