АН Үндэсний бодлогын хорооны сонгуулийн зохион байгуулалттай холбоотой мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын төв байгууллагын зохион байгуулалтын ажлын хэсгийн дарга О. Баасанхүү “Би төв намын удирдлага, бүтцийг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ ажлын хэсэг ямар зүйл хариуцах вэ гэвэл Үндэсний бодлогын хорооны сонгуулийн ажлыг хариуцна. Мөн намын Хяналтын зөвлөлийн сонгуулийн ажлыг хариуцах юм. Дээр нь намын Их хурлын төлөөлөгчдийн нэрсийг албажуулж, намын Их хурлыг зохион байгуулах ажил хийнэ гэж ойлгож болно. Өчигдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, энэ сарын 17-19-нд буюу гурван өдөр АН-ын төв байранд ҮБХ-нд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Бид 500–1000 хүн ҮБХ-д сонгогдох гэж нэр дэвшинэ гэж тооцоолж байна. Ирсэн хүмүүсийн нэрсийг дарааллаар албажуулна. Улмаар саналын хуудас, нэрсийг албажуулж бүх аймаг, дүүргүүдэд хүргүүлнэ. Энэ сарын 20-нд СТӨ-нд АН-ын ҮБХ-ны нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Улмаар нэр дэвшигчид энэ сарын 21, 22-нд намын төлөөлөгч нартаа сурталчилгаа хийх боломжтой. Ингээд энэ сарын 23-нд аймаг, дүүргийн намын дарга болон ҮБХ-ны гишүүдийн сонгууль болно.
Намын дүрмээр 378 хүнийг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгоно. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь квот тогтоосон явдал юм. Тухайлбал, чөлөөт, залуус, эмэгтэйчүүд гэсэн квот тогтоосон. Чөлөөт квотод 39 наснаас дээш насны эрэгтэйчүүд багтана. Нэр дэвшигчдийн анкет болон хүсэлтийн загварыг AN.mn сайтаас авах боломжтой. Бүх нэр дэвшигч заавал АН-ын байран дээр ирж бүртгүүлэх ёстой. Иймд өөрийн биеэр болон бие төлөөлөгчөөрөө 10:00–17:00 цагийн хооронд бүртгүүлнэ. Мөн дотоод сонгуулийн үеэр намын гишүүдийг хахуульдах зэрэг үйлдэл хийсэн нь нотлогдсон нэр дэвшигчийг цуцлах болно. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу АН-ын ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигч намд зургаан сая төгрөг тушаах ёстой. АН-ын ҮБХ-нд нэр дэвшихээр намын байранд ирж буй хүнээс зургаан зүйл шаардана. Тухайлбал, нэр дэвших хүсэлт, хувийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, Гэрэгэ намын гишүүний үнэмлэх, хандив төлсөн баримт, хоёр хувь цээж зураг байнау гэлээ.