Өнгөрсөн шөнө /2026.03.09/ өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхэж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаад байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "Энэхүү бичлэг нь өнгөрсөн шөнө /2026.03.09/ олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Харин уг хэргийг Цагдаагийн ерөнхий газраас /2026.03.06/-д илрүүлэн шалгаж эхэлсэн. Хэрэгт хувийн болон улсын сургуулийн найман хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд гол зохион байгуулагч нь хоёр эмэгтэй ,хоёр эрэгтэй хүүхэд байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоод байгаа" гэдгийг тодотголоо.
Мөн тэрбээр "Нэг бүлэг хүүхдүүд хоёр өөр газар, хоёр өөр цаг хугацаанд эдгээр хэргийг үйлдсэн. Хэрэв гэм буруутай нь тогтоогдоод Зөрчлийн хуулиар шийтгэвэл 30 хүртэл хоногийн хорих шийтгэл оногдуулна. Харин бусдын биед хүнд ноцтой гэмтэл учруулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар гурван жилийн хорих ялтай. Цаашилбал, 5-12 жилийн хорих ял оноох хуулийн зохицуулалттай. Дээрэлхэлт үйлдэж байгаа хүүхдүүд баригдахгүй, энэ миний хараанд байгаа юм чинь бусдад хэлж чадахгүй гэж бодоод байдаг. Гэтэл бүлэг хүүхдүүдээс нэг нь л баригдвал бусад хүүхдүүдийг илрүүлэх бүрэн боломжтой байдаг” гэлээ.
Б.АНУ