ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Баярсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Л.Баярсайхан нь нийтийн албан тушаалтан буюу ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, эмчийн жороор олгох мансууруулах эмийн жагсаалтад багтсан тариаг байгууллагын нэр дээр захиалуулан авч, өөртөө хэрэглэсэн буюу мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт холбогдсон байдаг.
Тэгвэл прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь хэлэлцээд цагаатгаж байсан бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Улмаар Улсын дээд шүүх Л.Баярсайхан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хянаад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус ашиглалттай холбогдсон гэмт хэргийн шинж бий эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой” гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн байдаг.