16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөж, уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сард болж, шүүх шийдвэрээ гаргасан билээ.
Ингэхдээ шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгасан байдаг. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, хэргийн оролцогч нар шийдвэрийг гардуулж өгч эхэлсэн байна. Тиймээс ч шүүхийн шийтгэх тогтоолоо авсан нэр бүхий оролцогчоос анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байгаа аж.
-100 МЯНГАН ДАГАГЧТАЙ ГРУППИЙН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХУУРАМЧ ХАЯГ-
Тэгвэл 16 настай охины хэрэгтэй холбоотойгоор маргааш /2026.03.08/ буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "Далд хүн" Төрийн бус байгууллагаас Төв талбай дээр жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд үүнийх нь цаана Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга байж болзошгүй байна.
Тодруулбал, тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Өөрийн хүн"-ээ сойх магадлалтай бөгөөд түүнийхээ сонгуулийн сурталчилгааг "16 настай охины хэргийг шударга бус шүүсэн хяналтын байгууллага, эрх баригч МАН буруутай" гэх агуулгаар хийхээр бэлтгэж байх талтай юм.
Тиймээс ч "Тролл баг"-аа удирдуулдаг байж магадгүй "Далд хүн" Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяраар "16 настай охины хэргийг шударга шүүхийг шаардацгаая" нэртэй фэйсбүүк группийг удирдуулдаг уу гэх хардлага байна. Учир нь "16 настай охины хэргийг шударга шүүхийг шаардацгаая" групп нь 16 настай охины хэргийг шударга бус шүүсэн гэх агуулгатай зүйлсийг бичиж, ярьж, группээ хөгжүүлдэг байгаа юм.
Харин 100 мянган дагагчтай эл фэйсбүүк группийн гишүүдийн дийлэнх нь шинээр үүсгэсэн нэр ус, зураг нь тодорхойгүй хуурамч хаяг байна.

Тэдгээр хуурамч хаягаас иргэдийн сэтгэл зүйг удирдсан элдэв сэтгэгдэл, пост оруулж, өдөөн турхирах ажиллагааг хийдэг байж магадгүй байгаа юм. Тухайлбал, хохирогч охин болон ээжийнх нь зураг бүхий пост оруулж, өрөвдүүлдэг бол дээрх хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг алуурчид, ял эдлэх ёстой гэхчлэнгээр мэдээлэл түгээдэг байна. Энэ мэтчилэн ажилладаг "16 настай охины хэргийг шударга шүүхийг шаардацгаая" нэртэй фэйсбүүк группийн админ, "Далд хүн" Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяр нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Төв талбай дээр жагсаал зохион байгуулах гэж байгаа аж.