Сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, сонгуульдаа зарцуулсан гэх хэргээр УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татан, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.
Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр буюу 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани нь УИХ-ын гишүүн Э.Болормаад “бизнесийн орлого” гэсэн утгатай хандив өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл Э.Болормаа нь уг хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүй, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа юм. Энэ нь Үндсэний Аудитын газар зэрэг холбогдох бүхий л байгууллагын мэдээллээр нотлогддог.
Тиймээс ч хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл "Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх" буюу 2.3-т заасан сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Э.Болормаад хязгаарлалт хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны шүүх өнөөдөр хэлэлцээд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.