Х.Нямбаатар нарын Улаанбаатарын дугаар олгохгүй гэх шийдвэртэй холбоотой хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болжээ

Х.Нямбаатар нарын Улаанбаатарын дугаар олгохгүй гэх шийдвэртэй холбоотой хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болжээ

Нийслэлийн автомашины импорт, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр НИТХ-ын тогтоолоор нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслан тогтоосон. Улмаар импортоор орж ирэх автомашинд Улаанбаатарын дугаар шинээр олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн байдаг.

Харин Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон нэр бүхий иргэд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандаад байсан бөгөөд Улсын дээд шүүх уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас Н.Саруул, Ш.Ербол, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх/ үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас Улаанбаатар хотын авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл бий болсон гэх хүндрэл, асуудал байгаа боловч тус асуудлыг шийдвэрлэхийн тулд бусдын үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ НИТХ-д байхгүй. Тэг гүйлттэй автомашиныг эсхүл тодорхой гүйлттэй, хоёрдогч зах зээлийн, доголдол, зөрчилгүй автомашинуудыг Монгол Улсад оруулж ирэн худалдан борлуулах харилцаа нь эдийн засгийн харилцаа бөгөөд өмчлөх эрх, өмчийн зүйлийг сайн дураар гэрээний үндсэн дээр арилжаалахад тухайн хөрөнгийн бүртгэлийг хийхгүй буюу улсын дугаар шинээр олгохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авто тээврийн тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн A/222 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн гэж марган, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн A/1348 дугаар захирамжийг тус тус хучингуй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тухайн хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.