Германы агуйн олдворуудаас Палеолитын үед мэдээлэл дамжуулахад ашигласан байж болзошгүй тэмдэгтүүд илэрчээ

Германы агуйн олдворуудаас Палеолитын үед мэдээлэл дамжуулахад ашигласан байж болзошгүй тэмдэгтүүд илэрчээ

Хүн төрөлхтөний бичиг үсэг 5 мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг. Харин Германы агуйнуудаас олдсон 45 мянган жилийн настай эд өлгийн зүйлс дээрх тэмдэгтүүдийг судалсан шинэ судалгаа бичиг үсгийн үүсэл хэдэн арван мянган жилээр эрт байж болзошгүйг харуулжээ.

Судлаачид мамонтын соёо болон зааны ясан эдлэлүүд дээр сийлсэн зураас, цэг, хэрчлээс, загалмай зэрэг тэмдгүүдийг шинжилж, тэдгээр нь санамсаргүй биш, тодорхой давтамж, дараалал бүхий бүтэцтэй байгааг тогтоосон байна. Тэд нийт 260 олдвор дээрх 3,000 гаруй тэмдэгтийг харьцуулан судалж, Палеолитын үеийн анч, түүвэрлэгчид мэдээлэл дамжуулах зориулалттай бэлгэдлийн систем ашиглаж байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Мөн тэмдэгтүүдийн давтамж, нягтрал нь Месопотамид үүссэн хамгийн эртний протошаантаг бичгийн хавтангуудтай статистикийн хувьд ойролцоо түвшинд хүрч байгааг онцолжээ.

Зарим олдвор Германы Баден-Вюртемберг муж дахь Лонеталын агуйн системээс илэрсэн бөгөөд мамонтын жижиг баримал болон “шүтэн бишрэгч” хэмээн нэрлэгдсэн хүн-арслан дүрстэй ясан хавтан дээр тэмдэгтүүд илүү нягт, зохион байгуулалттай байжээ. Одоогоор  тэмдэгтийн утга бүрэн тайлагдаагүй ч судлаачид эдгээрийг санаатайгаар сийлэгдсэн, харилцаа холбооны шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү судалгааг АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн эмхэтгэл (PNAS) сэтгүүлд нийтэлсэн бөгөөд хэрэв батлагдвал бичгийн үүслийн талаарх өнөөгийн ойлголтыг үндсээр нь өөрчлөх боломжтой юм.