Х.Клинтон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд Ж.Эпштейний гэмт хэргийн талаар "мэдэхгүй" гэж хэлжээ

Х.Клинтон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд Ж.Эпштейний гэмт хэргийн талаар "мэдэхгүй" гэж хэлжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон хүчирхийлэгч Жеффри Эпштейний гэмт хэргийн талаар "ямар ч мэдлэггүй" хэмээн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд хаалттай сонсголын үеэр мэдүүлжээ.

Тэрээр өчигдөр /2026.02.26/ зургаан цаг гаруй хугацаанд хаалттай хаалганы цаана байцаагдсаны дараа сэтгүүлчдэд "Би үнэнийг илчлэхийг хүсч байна" хэмээн мэдэгдсэн байна. Мөн сонсголын бүрэн бичлэгийг олон нийтэд нээлттэй болгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Х.Клинтон мэдэгдэлдээ "Би Ж.Эпштейн болон Гислейн Максвелл нарын гэмт хэргийн үйл ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй байсан. Би ноён Ж.Эпштейнтэй уулзаж байснаа санахгүй байна. Түүний онгоцоор нисч, арал, гэр, оффист нь очиж байгаагүй” хэмээн дурдсан байна.

Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэр Ж.Эпштейний хавтаст хэрэгт олон удаа дурдагдсан тул түүнийг тангараг өргөж, Конгрессын өмнө шууд мэдүүлэг өгөхийг уриалжээ. "Бидэнд нуух зүйл байхгүй. Эдгээр файлуудыг бүрэн эхээр нь ил болгох ёстой. Нарны гэрэл бол хамгийн сайн ариутгагч" хэмээн Х.Клинтон өмнө нь BBC агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Х.Клинтоны нөхөр, Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнөөдөр мөн хорооны өмнө мэдүүлэг өгөхөөр болсон байна. Тэрээр Ж.Эпштейний гэмт хэргийн талаар ямар ч мэдлэггүй байсан, түүнтэй холбоогоо хорь гаруй жилийн өмнө тасалсан хэмээн мэдэгдээд буй. 

Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор Б.Клинтоны нэр зарим баримтад дурдагддаг ч одоогоор түүнийг хууль зөрчсөн гэх нотолгоо ил болоогүй байна. Харин Бүгд Найрамдах намын зарим гишүүд уг сонсголыг улс төрийн зорилготой хэмээн шүүмжилж байгаа бол Ардчилсан намынхан бүрэн, засварлаагүй бичлэгийг олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Конгресс ойрын хугацаанд холбогдох баримтуудыг нийтлэх эсэхийг шийдэхээр байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC