АНУ-д суугаа Их Британийн Элчин сайд асан Питер Манделсоныг Лондонгийн Метрополитан цагдаагийн газар өчигдөр /2026.02.23/ олон нийтийн албан тушаалд ёс зүйгүй хандсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан баривчилжээ. Энэ нь бэлгийн гэмт хэрэгт холбогдож, 2019 онд шоронд нас барсан Жеффри Эпштейнтэй тэрээр харилцаатай байсан шинэ мэдээлэл ил болсонтой холбоотой ажээ.
Өдгөө 72 настай П.Манделсоныг өнгөрсөн есдүгээр сард Их Британийн дипломат албаны хамгийн өндөр албан тушаалаас чөлөөлсөн юм. Түүний Ж.Эпштейнтэй тогтоосон харилцаа урьд өмнө мэдэгдэж байснаас илүү гүнзгий байж болзошгүй гэх баримтууд гарч ирсний дараа Ерөнхий сайд Кир Стармерын засгийн газар энэ сарын эхээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болгожээ.
Цагдаагийн мэдэгдэлд "72 настай эрэгтэйг олон нийтийн албан тушаалд ёс зүйгүй хандсан байж болзошгүй хэргээр баривчилсан” гэж дурдсан бөгөөд улмаар түүнийг батлан даалтад суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэжээ.
П.Манделсоныг Лондонгийн төв дэх гэрээс нь энгийн хувцастай, биеийн камер зүүсэн офицерууд авч явсан бичлэг олон нийтэд цацагдсан байна. Уг баривчилгаа нь түүний гэм бурууг тогтоосон гэсэн үг биш бөгөөд хэрэг одоогоор мөрдөн шалгах шатандаа байгаа ажээ. Түүний өмгөөлөгчид энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
АНУ-ын Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын сүүлээр нийтэлсэн баримтуудаас харахад П.Манделсон болон Ж.Эпштейн нар олон нийтэд ил байсан харилцаанаас илүү ойр холбоотой байжээ. Тухайлбал, 2009 онд П.Манделсон Ерөнхий сайд асан Гордон Брауны засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа Жеффри Эпштейнтэй мэдээлэл солилцож байсан гэх баримт дурдагдсан байна.
П.Манделсон өмнө нь Ж.Эпштейнтэй харилцаатай байсандаа "гүнээ харамсаж" байгаагаа илэрхийлж байсан ч сүүлийн баримтуудын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй юм. Харин энэ сарын эхээр Лондон болон баруун Англи дахь түүний орон байранд нэгжлэг хийжээ.

Төрийн албан тушаалд ёс зүйгүй хандсан хэргийг Их Британийн хууль тогтоомжид хамгийн ноцтой ангилалд багтаадаг бөгөөд буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох боломжтой аж. Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан нь Британийн улс төрийн хүрээнд хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцроход хүргэсэн томоохон маргааны нэг болоод байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хаан III Чарльзын дүү Эндрю Маунтбаттен-Виндзорыг ч мөн Ж.Эпштейнтэй холбоотой тусдаа хэрэгт баривчилсан тухай мэдээлэл гарсан.
Сонирхуулахад, Питер Манделсон нь 1990-ээд онд Тони Блэйрийн "Шинэ Хөдөлмөрийн нам"-ын гол архитекторуудын нэгээр тодорч, Британийн улс төрд нөлөө бүхий дүр байсаар ирсэн юм. Тэрээр өмнө нь хоёр удаа Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцорч байсан ч 2008-2010 онд Гордон Брауны засгийн газарт эргэн томилогдсон байдаг. 2024 оны сүүлээр Стармер түүнийг АНУ-д Элчин сайдаар томилсон нь анхандаа амжилттай алхам гэж үнэлэгдэж байсан бөгөөд тэрээр АНУ-тай зарим худалдааны асуудлаар тохиролцоо хийж чадсан байдаг.
Гэвч Ж.Эпштейнтэй холбоотой баримтууд ил болсны дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд Стармер Манделсон шалгалтын явцад Ж.Эпштейнтэй харилцааныхаа талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй байж болзошгүй гэж мэдэгджээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид холбогдох баримтуудыг гуравдугаар сарын эхээр нийтлэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.
Эх сурвалж: SCMP