Бээжин, Токио хоорондын маргаан хурцдаж байгаатай холбоотойгоор Хятад улс Японы 20 компанийг давхар хэрэглээний буюу цэргийн болон иргэний зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын жагсаалтад нэмж оруулсан тухай Хятадын Худалдааны яам өнөөдөр /2026.02.24/ мэдэгджээ.
Шинээр жагсаалтад орсон компаниудын дунд Mitsubishi Heavy Industries-ийн хэд хэдэн охин компани багтсан байна. Мөн Kawasaki Heavy Industries болон IHI корпорацийн охин компаниуд ч уг хязгаарлалтад хамрагджээ.
Экспортын хяналтын журамд зааснаар, Хятадын экспортлогчдод цэргийн болон иргэний зориулалтаар давхар ашиглагдах бараа, технологийг дээрх компаниудад нийлүүлэхийг хориглож байгаа аж. Үүнээс гадна гадаадын экспортлогчид Хятадад үйлдвэрлэсэн ийм төрлийн бүтээгдэхүүнийг жагсаалтад багтсан компаниудад дахин экспортлохыг мөн хориглосон байна.
Эдгээр 20 компани нь хөлөг онгоц, нисэх онгоц, радар, пуужингийн систем зэрэг цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлд оролцдог томоохон аж ахуйн нэгжүүд аж. Шинэ хязгаарлалт нь бүс нутгийн аюулгүй байдал болон технологийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Хятад, Японы харилцаанд нэмэлт дарамт үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Эх сурвалж: SCMP