Ичигава дахь амьтны хүрээлэнгийн бяцхан сармагчин Панч цахим орчинд олон нийтийн анхаарлыг татсаар байна. Тэр өнгөрсөн оны долдугаар сард төрснийхөө дараахан эхдээ гологдож, амьтны хүрээлэнгийн ажилтнуудын асрамжид өссөн юм.
Асран хамгаалагчид нь Панчийг угжаар хооллож, байнга анхаарал халамж тавин өсгөсөн юм. Ажилчид түүнийг тайвшруулахын тулд сармагчин дүрстэй зөөлөн тоглоом өгсөн нь удалгүй түүний салшгүй “найз” болсон билээ. “Ora-mama” хэмээн хочилсон уг чихмэл тоглоомыг Панч хаа явсан газраа чирэн явж, хамт унтан, айж сандарсан үедээ тэвэрч тайвширдаг байв.
Төрсний дараахан нь амьтны хүрээлэнгийн бусад сармагчнууд ч түүнийг гадуурхаж байсан тул тэр чихмэл тоглоомтойгоо л хамт цагийг өнгөрөөж байлаа. Харин энэ бичлэгүүд цахимд тархаж эхэлснээр, “Keep going, Punch” гэх хаштаг хүртэл үүссэн юм. Олон мянган хүн түүний биеийн байдал, өсөлт хөгжлийг сонирхон асууж, амьтны хүрээлэнгийнхэн ойрын өдрүүдийн мэдээллийг тогтмол хуваалцах болсон байна.
Сүүлийн үеийн мэдээгээр Панч бусад сармагчнуудтайгаа аажмаар дасаж, сүрэгтээ нэгдэж эхэлжээ. Тэр ч байтугай нэгэн эм сармагчин түүний үсийг арчилж буй нь ажиглагдсан байна. Сармагчдын сүрэгт энэхүү “бөөс түүх” үйлдэл нь итгэлцэл, дотно харилцаа, бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөний илрэлд тооцогддог аж. Мөн Панч бусад моншнуудтай тоглож, нуруун дээр нь авирч буй, ахимаг насны сармагчин түүнийг тэвэрч буй бичлэгүүд нийтлэгдсээр байна.
Асрагч Шүмпэй Миякоши “Тэр бусад сармагчнуудтай идэвхтэй харилцаж байна. Гадуурхагдаж, загнуулсан ч хурдан сэргэж чаддаг. Сэтгэлзүйн хувьд хүчтэй” хэмээн ярьжээ. Харин асрагч Коскэ Шикано зөөлөн тоглоомын талаар “Зөөлөн учир барихад амар, гадаад төрх нь сармагчинтай төстэй тул аюулгүй мэдрэмж төрүүлсэн байх. Түүний ээжийг орлож байгаа зүйл” хэмээн тайлбарлажээ.
Панчийн түүхэнд сэтгэл нь хөдөлсөн IKEA Japan компанийн ерөнхийлөгч Петра Фаре амьтны хүрээлэнд зочлох үеэрээ хэд хэдэн зөөлөн тоглоом хандивлажээ. Түүнчлэн дээрх тоглоомын эрэлт ихсэж, үнэ нь 350 ам.доллар хүртлээ нэмэгджээ. Зарим иргэд цахим сүлжээндээ "Панч энэ брэндийн гэрээг авах ёстой" гэж хүртэл бичжээ.
