Хилийн зурваст газар эзэмшин, зам ашиглаж ашиг олж байсан гэх "Смарт эко транс"-ыг Ж.Бямбабаатар охиныхоо хамт эзэмшдэг бол аав нь Хэнтийн Өмнөдэлгэрт ЗД-аар ажиллаж байжээ

Хилийн зурваст газар эзэмшин, зам ашиглаж ашиг олж байсан гэх "Смарт эко транс"-ыг Ж.Бямбабаатар охиныхоо хамт эзэмшдэг бол аав нь Хэнтийн Өмнөдэлгэрт ЗД-аар ажиллаж байжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34 мянган га газрыг олгож, “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон гэх маш ноцтой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 11-ний /2026.02.11/ өдөр хийсэн. 

ВИДЕО: 

Улмаар тэрбээр Гашуунсухайтад хууль бусаар газар эзэмшиж, зам ашигласан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгож, холбогдох баримт материалыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн билээ. 

Тэгвэл Монгол Улсын дархан хилийн зурваст хууль бусаар газар эзэмшиж, улсын чанартай автозамыг ашиглан их хэмжээний буюу хоёр жилийн дотор 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн гэх “Смарт Эко Транс” ХХК нь хэний эзэмшлийнх байв, яагаад тус компанид давуу байдал олгов гэдэг нь анхаарал татаж байна. 

Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон, Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдсон. Иймд уг асуудлыг буюу оролцсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахаар болсон. Мөн хяналт шалгалтын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, Засгийн газрын эдгээр тогтоолыг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсад учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болсон" гэдгийг тодотгосон юм. 

-СМАРТ ЭКО ТРАНС КОМПАНИЙГ "ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД"-ИЙН Ж.БЯМБАДОРЖ ОХИНЫХОО ХАМТ ЭЗЭМШДЭГ-

Тэгвэл “Смарт Эко Транс” ХХК нь  "Их үйлсийн эрэлд" группийн тэргүүн Жамъяндорж Бямбабаатарынх аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Бямбабаатарын Хулан, Жамъяндоржийн Бямбабаатар, Баярын Эрдэнэболд гэх хүмүүс бүртгэлтэй байна. Харин гүйцэтгэх захирлаар Бальдирын Батнасан гэх хүн ажилладаг бол эцсийн өмчлөгчөөр нь Жамъяндорж Бямбабаатар бүртгэлтэй байна. Ж.Бямбабаатар нь одоогоос таван жилийн өмнө буюу 2021 онд Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал "Алтан од" одонгоор  шагнагдаж байжээ.

МҮОХ-ны дээд шагнал "Алтан од" одонгоор "Их үйлсийн эрэлд" группын тэргүүн Ж.Бямбабаатарыг шагнаж байжээ

-"СМАРТ ЭКО ТРАНС"-ЫН Ж.БЯМБАБААТАРЫН ААВ Д.ЖАМЪЯНДОРЖ ХЭНТИЙН ӨМНӨДЭЛГЭРИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-

Жамъяндорж Бямбабаатар нь МАН-д нэлээдгүй нэр нүүртэй нэгэн аж. Тодотговол, түүнийг УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Хотын дарга асан Д.Сумъяабазар, 60 тэрбумын гэгддэг Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нарын хүмүүстэй ойр гэх мэдээлэл ч байгаа юм.

Тодруулбал, Ж.Бямбабаатарын "Их үйлсийн эрэлд" ХХК-ийн хаяг нь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн эхнэр Дамбадаржаагийн Оюунцэцэгийн удирддаг “Шихихутуг” их сургуулийн хаяг дээр бүртгэлтэй байдаг байсан бөгөөд тэд нэг нутаг усны хүмүүс гэдгээрээ холбогддог байна. Нарийвчилбал, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Өвөрхангай аймгийн уугуул бол Ж.Бямбабаатарын аав Д.Жамъяндорж нь мөн Өвөрхангай аймгийн уугуул аж. Тэрээр илгээлтээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргаар ажиллаж явсан, Гавьяат эдийн засагч цолтой нэгэн байжээ. 

Харин "Их үйлсийн эрэлд"-ийн Р.Ганхуяг нь “Их үйлсийн үлэмж” ХХК, “Үлэмж монгол фитнес” ХХК-уудыг Сэнгээгийн Батмөнхтэй хамтран эзэмшиж байсан байна. Харин С.Батмөнх нь “Үлэмж” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Хотын дарга асан Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээтэй “Астрон билдингс” ХХК, “Юнайтед хүүлсэйл монголиа” ХХК-уудыг хамтран эзэмшиж ирсэн гэдгийг Ergelt.mn мэдээллийн сайт мэдээлж байжээ. Мөн "Р.Ганхуяг “Хера-Инвестмент” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, түүний төрсөн ах Х.Гантулга, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга, Элчин сайд Ө.Батбаяр нартай хамтран эзэмшиж ирсэн Р.Ганхуяг, Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулга нар “Эм Би Си Си холдинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Р.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Гантулга, Х.Хашчимэг нар “Ремикон” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн даргаар нь Р.Ганхуяг ажиллаж иржээ" гэжээ. 

Товчхондоо, Гашуунсухайтад хууль бусаар газар эзэмшиж, зам ашиглаж, их хэмжээний ашиг олсон гэх “Смарт Эко Транс” компанийн удирдлагууд улс төрд нөлөө бүхий хүмүүстэй холбоо хамааралтай хүмүүс аж. 

Гэхдээ тэд улсын хилийн зурваст хууль бусаар газар эзэмшиж, зам ашигласан гэх асуудлыг үгүйсгэн, мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ "Манай компанийн Гашуунсухайт боомтод хэрэгжүүлсэн “Автомат удирдлагатай жолоочгүй Ухаалаг тээврийн хэрэгслээр хил дамнасан тээврийн систем” төслийг Монгол Улсын тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн. Бид Монгол Улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийг ямар нэг байдлаар зөрчөөгүй" хэмээсэн байв. 

Ямартай ч дээрх асуудлыг өдгөө хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө