УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар энэ сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан тус хэргийг "Төрийн өндөр албан тушаалтан оролцсон" хэмээн харьяаллын дагуу Мөрдөн шалгах алба руу татаж, тус албанаас хэргийг шалгаж эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нар нь гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй тул тэднийг яллагдагчаар татаагүй, гомдол мэдээллийн хүрээнд хэргийг шалгаж байгаа аж. Шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан тэднийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх юм.
Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх учиртай. Тиймээс ч Төрийн өндөр албан тушаалтан холбогдсон хэрэг тул харьяаллын дагуу Мөрдөн шалгах албанаас хэргийг шалгаж байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг мөн Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, иргэн О.Отгонтөгс нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ тэрбээр "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурдсан байдаг. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байсан юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн О.Отгонтөгсийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлж, улмаас тус газраас түүнийг яллагдагчаар татсан байдаг.