АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама Ерөнхийлөгч Д.Трампын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн, өөрийг нь болон түүний эхнэр Мишель Обамаг сармагчинтай зүйрлэн дүрсэлсэн бичлэгийг шууд бусаар шүүмжилж, улс төрийн ёс зүй, хариуцлагын тухай байр сууриа илэрхийлжээ.
Доромжилсон агуулгатай тус бичлэгийг Д.Трамп өөрийн "Truth Social" цахим хуудастаа нийтэлсэн бөгөөд 2020 оны сонгуулийн талаар үндэслэлгүй луйврын мэдэгдэл агуулсан видеоны төгсгөлд “The Lion Sleeps Tonight” дууг ашиглан оруулсан байна. Уг клип нь хар арьстнуудыг сармагчинтай зүйрлэдэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголтыг санагдуулсан хэмээн Ардчилсан болон Бүгд Найрамдах намын улстөрчдийн зүгээс өргөн хүрээтэй шүүмжлэл дагуулсан байна.
Тухайлбал, Бүгд Найрамдах намын цорын ганц өнгөт арьст сенатор Т.Скотт уг бичлэгийг "Энэ Цагаан ордноос харсан хамгийн их арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зүйл" хэмээн тодорхойлсон байна.
Эхэндээ Цагаан ордон уг бичлэгийг хамгаалж, олон нийтийн дургүйцлийг "хуурамч уур хилэн" гэж нэрлэсэн ч удалгүй уг бичлэгийг ажилтны буруу үйлдэл хэмээн тайлбарлаж, устгажээ. Харин Д.Трамп сэтгүүлчдэд "Би тэр хэсгийг хараагүй" хэмээн мэдэгдэж, уучлалт гуйх эсэх талаар асуухад "Би алдаа гаргаагүй" гэж хариулсан байна.
Б.Обама либерал чиглэлийн подкаст хөтлөгч Брайан Тайлер Коэнтэй 47 минут үргэлжилсэн ярилцлагадаа улс төрийн хэл ярианы өнгө аяс сүүлийн жилүүдэд "өмнө нь харж байгаагүй харгислалын түвшинд хүрсэн" гэж дүгнэжээ. Хөтлөгч Д.Трампын нийтэлсэн уг бичлэгийг иш татан асуухад Б.Обама нэр дурдалгүйгээр, "Америкийн ард түмний дийлэнх нь ийм зан авирыг маш их түгшүүртэй гэж үздэгийг хүлээн зөвшөөрөх нь чухал" хэмээн хэлсэн байна.
Тэрээр цааш нь "Энэ бол анхаарал татдаг нь үнэн, анхаарал сарниулдаг нь ч үнэн" хэмээгээд, олон нийтийн сүлжээ болон телевизийн орчинд "алиалагчийн шоу" мэт байдал давамгайлж байгааг шүүмжилжээ.
Мөн тэрээр, "Өмнө нь төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс ёс зүй, хүндэтгэл, ичгүүр гэдгийг мэдэрдэг байсан. Харин одоо энэ бүхэн мартагдсан мэт санагдаж байна" хэмээн онцолсон ч Д.Трампын нэрийг шууд дурдаагүй байна.
Ярилцлагын үеэр Б.Обама бусад сэдвийг ч хөндсөн бөгөөд цагаачлалын бодлогын эсрэг тайван жагсаал зохион байгуулж буй иргэдийг магтаж, сонгуулийн тойрог хуваарилалтын асуудал болон ирэх жил Чикаго хотод нээгдэх Ерөнхийлөгчийн номын сангийнхаа талаар ярьжээ. Мөн АНУ даяар аялахдаа "ёс зүйтэй, эелдэг, сайхан сэтгэлтэй хэвээр" хүмүүс олон байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC