Сонгинохайрхан дүүрэг-ийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүнийг согтуурсан этгээдүүд тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, хүчирхийлэхийг завдаж, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, цүнхтэй эд зүйлсийг нь аваад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 30 настай эмэгтэйг 16-20 насны "А" нарын бүлэг этгээдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлдээ хүчээр суулган, хүчирхийлэхийг завдсан бөгөөд эд зүйлсийг нь дээрэмдсэн болохыг тогтоожээ. Шалгалтаар дээрх этгээдүүд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлэв. Цагдаагийн байгууллагаас иргэдэд шөнө, оройн цагаар гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй, олны хөл хөдөлгөөн багатай газраар ганцаараа зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.