ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйгийн үхэлтэй холбоотойгоор Их Британи болон Европын хэд хэдэн холбоотон улс Оросийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.
Тэдний мэдээлснээр, А.Навальныйгийн биеэс авсан дээжид Өмнөд Америкийн мэлхийнд агуулагддаг "эпибатидин" хэмээх хорт бодис илэрсэн байна. А.Навальный 2024 оны хоёрдугаар сарын 16-нд Сибирийн хорих ангид 47 насандаа гэнэт нас барсан юм. Түүний нас барснаас хойш хоёр жилийн дараа хийсэн шинжилгээний дүнд дээрх бодис илэрсэн гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрээр "энэ төрлийн хорыг ашиглах хэрэгсэл, сэдэл, боломж зөвхөн Оросын төрд байсан" хэмээн онцолсон байна.
Их Британи, Швед, Франц, Герман, Нидерланд улсууд хамтарсан мэдэгдэлдээ, “А.Навальныйгийн биед эпибатидин илэрсэнд гэм зэмгүй тайлбар байхгүй" гэж дурдсан. Мөн Лондон уг асуудлаар Химийн зэвсгийг хориглох байгууллагад хандан Оросыг химийн зэвсгийн конвенцыг зөрчсөн байж болзошгүй гэж мэдээлжээ.
Эпибатидин гэх хор нь морфиноос 200 дахин хүчтэй нөлөөтэй, төв мэдрэлийн системд үйлчилдэг маш ховор алкалоид бодис бөгөөд булчин саажих, таталт өгөх, зүрхний цохилт удаашрах, амьсгалын дутагдалд хүргэж болзошгүй гэж хор судлалын мэргэжилтнүүд тайлбарладаг байна. Энэ бодис байгальд зөвхөн тодорхой зэрлэг мэлхийн төрөл зүйлд маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд Орост байгалийн жамаар байдаггүй аж.
А.Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальная өмнө нь нөхрөө хордуулсан гэж мэдэгдэж байсан бөгөөд "одоо нотлох баримт бий болсон" хэмээн Европын лабораториудад талархал илэрхийлжээ.
Харин Москва энэ мэдэгдлийг няцааж буй бөгөөд төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова үүнийг "Барууны мэдээллийн кампанит ажил" гэж тодорхойлсон байна. Оросын ерөнхийлөгч В.Путин А.Навальный нас барснаас хойш нэг сарын дараа "хүн нас барах нь үргэлж гунигтай явдал" хэмээн товч мэдэгдэл хийж байсан юм. Оросын сөрөг хүчний удирдагч агсан А.Навальный өмнө нь 2020 онд "Новичок" мэдрэлийн бодисоор хордуулсан халдлагад өртөж, Германд эмчлүүлсний дараа Орост буцаж ирмэгцээ баривчлагдсан байдаг. Тэрээр зохиомол хэргээр ял эдэлж байхдаа Арктикийн хорих ангид шилжүүлэгдээд байхдаа нас барсан байдаг.
Эх сурвалж: BBC