"Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жу Аэг залгамжлагчаар томилох шатандаа орсон" гэж БНСУ-ын тагнуулын алба мэдээлжээ

"Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жу Аэг залгамжлагчаар томилох шатандаа орсон" гэж БНСУ-ын тагнуулын алба мэдээлжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өөрийн охин Ким Жу Аэг "залгамжлагчаар томилох" үйл явц бодит шатандаа орсон байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба парламентын тагнуулын хороондоо хаалттай мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн талаар өчигдөр /2026.02.12/ хууль тогтоогчид нь сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Энэхүү мэдээлэл нь өмнө Ким Жу Аэг "хамгийн магадлалтай залгамжлагч" хэмээн үнэлж байсан дүгнэлтээс ахисан шатны байр суурь болж байгаа аж. Өмнө Солонгосын тагнуулын байгууллагын мэдээлснээр, "тэрээр сүүлийн үед төрийн бодлоготой холбоотой байр сууриа илэрхийлсэн шинж тэмдэг ажиглагдсан бөгөөд төрийн томоохон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох болсон нь ийм үнэлгээ хийх үндэслэл болсон байна."

Ким Жу Аэ нь Солонгосын Ардын Армийн ой, Кимийн гэр бүлийн бунхан болох Кумсусан Нарны ордонд хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг чухал арга хэмжээнүүдэд оролцож, олны өмнө тогтмол гарч ирэх болсон байна.

Хэрэв тэр энэ сарын сүүлээр болох Хөдөлмөрийн намын их хуралд оролцох, эсвэл албан ёсны цол, үүрэг хариуцлага хүлээх аваас залгамжлалын бэлтгэл илүү тодорхой болно гэж ажиглагчид үзэж байгаа аж. Мөн Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба АНУ-Хойд Солонгосын харилцааны талаар мэдээлэхдээ, тодорхой нөхцөл бүрдвэл Пхеньян Вашингтонтой хэлэлцээ хийх боломжийг бүрэн үгүйсгээгүй гэжээ. Гэхдээ АНУ-ын стратегийн зэвсэг, цэргийн хөрөнгийг Солонгосын хойгт байршуулах асуудалд сэтгэл дундуур байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг шууд шүүмжлэхээс зайлсхийж байгаа бөгөөд түүнийг өдөөн хатгахгүйн тулд тив хоорондын баллистик пуужин харвахаас татгалзсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

Хойд Солонгосын 10 мянга орчим байлдааны цэрэг, мянга орчим инженерийн цэрэг Оросын Курск мужийн фронтод байрлаж байгаа бөгөөд ойролцоогоор 6 мянган цэрэг амиа алдаж, шархадсан талаар мэдээлсэн байна. Гэсэн ч Пхеньян байлдааны туршлага хуримтлуулж, Оросын техникийн дэмжлэгтэйгээр зэвсгийн системээ шинэчлэхэд анхаарч байгаа ажээ. Мөн нисгэгчгүй нисэх онгоцны шинэ хэлтэс байгуулж, олноор үйлдвэрлэх чадавхыг нэмэгдүүлж байгаа аж. 

Хойд Солонгос Өмнөд Солонгостой харилцах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй бөгөөд хоёр Солонгосыг "дайсагнасан хоёр улс" хэмээн тодорхойлсон байр сууриа хадгалж байгаа талаар Үндэсний тагнуулын алба онцолсон байна. Харин Хойд Солонгосын Хятадтай хийсэн худалдаа өнгөрсөн онд 3 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд хүрсэн ч олон улсын хориг арга хэмжээ авахаас өмнөх түвшинд хүрээгүй хэвээр байгаа аж. Эдгээр мэдээлэл нь Ким Жу Аэг залгамжлагчаар бэлтгэх үйл явц бодитоор урагшилж болзошгүйг илтгэж байгаа ч албан ёсны томилгоо, баталгаажуулалт одоогоор хийгдээгүй хэвээр байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC, Yonhap