Тайландын өмнөд хэсэгт байрлах нэгэн сургуульд болсон халдлагын үеэр сургуулийн захирал нь буудуулж, улмаар шархаа даалгүй эмнэлэгт нас барсан талаар эрх баригчид мэдэгджээ.
Тус халдлага өчигдөр /2026.02.11/ орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд Хат Яй хотын ойролцоох сургуульд болсон байна. 18 настай зэвсэгтэй этгээд сургуулийн байранд нэвтэрч, захирал Сасипхат Синсамосорн болон нэг эмэгтэй сурагч руу гал нээжээ. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, "Сасипхат өнөөдөр /2026.02.12/ үүрээр шархаа даалгүй нас барсан байна. Буудуулсан сурагчийн биеийн байдал тогтвортой байгаа бол халдлагын үеэр цонхоор үсэрч зугтахыг оролдсон өөр нэг сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Зэвсэгт этгээдийг сургуулийн барилгад хоёр цаг орчим үргэлжилсэн бүслэлтийн дараа баривчилжээ. Энэ хугацаанд хэд хэдэн багш, сурагчид анги танхимд гацсан байдалтай байсан аж.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, сэжигтэн сургуулийн нэг багштай хувийн маргаантай байсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлж байгаа ч халдлагын бодит шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Сургуулийн захиргаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан захирлынхаа нас барсанд "гүн эмгэнэл" илэрхийлж, "Тэр бидний дунд байхгүй ч түүний сайхан сэтгэл, үлдээсэн дурсамж зүрх сэтгэлд минь үүрд хадгалагдана" хэмээн бичжээ.
Тайландад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн түвшин харьцангуй өндөрт тооцогддог бөгөөд хууль ёсны болон хууль бус буу эзэмшил өргөн тархсан байдаг аж. Тодруулбал, өнгөрсөн жил Бангкок хотын хүнсний зах дээр болсон буудалцааны улмаас таван хүн амиа алдсан бол 2023 онд нийслэлийн тансаг худалдааны төвд 14 настай хүү гал нээж, хоёр хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулж байжээ. Мөн жилийн өмнө цагдаагийн хуучин алба хаагч зүүн хойд бүсийн цэцэрлэгт халдлага үйлдэж, 36 хүний аминд хүрсэн нь Тайландын түүхэн дэх хамгийн олон хүний амь эрсэдсэн буудлагын хэргүүдийн нэгт тооцогддог байна.
Эх сурвалж: BBC