Ж.Эпштейний зан авирыг "бүгд мэдэж байсан" гэж Д.Трамп 2006 онд хэлсэн хэмээн баримтад дурджээ

Ж.Эпштейний зан авирыг "бүгд мэдэж байсан" гэж Д.Трамп 2006 онд хэлсэн хэмээн баримтад дурджээ

АНУ-ын Хууль зүйн яамнаас саяхан нийтэлсэн Жеффри Эпштейнтэй холбоотой баримт бичигт Флорида мужийн Палм Бич хотын цагдаагийн дарга асан Майкл Рейтер 2019 онд өгсөн ярилцлагадаа, "2006 онд тухайн үеийн бизнесмен Д.Трамп өөр рүү нь утсаар залгасан" тухай дурдсан байна.

М.Рейтерийн хэлснээр Д.Трамп түүнд "Та түүнийг зогсоож байгаад баярлалаа. Бүгд түүнийг ийм зүйл хийж байгааг мэдэж байсан" гэж хэлсэн аж. Тухайн үед Палм Бичийн цагдаагийн газраас Жеффри Эпштейнийг насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр мөрдөн шалгаж байжээ.

Мөн М.Рейтерын баримтад, Д.Трамп Ж.Эпштейнийг өөрийн Мар-а-Лаго клубээс хөөсөн бөгөөд "Нью-Йоркийн хүмүүс түүнийг жигшмээр гэдгийг мэддэг байсан" гэж ярьсан хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн Ж.Эпштейний хамтрагч Гислейн Максвеллийг "ажиллагч" хэмээн нэрлэж, "түүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" гэж хэлсэн гэжээ.

Жеффри Эпштейн 2008 онд хөнгөн ял авсан ч 2019 онд бэлгийн наймааны хэргээр дахин баривчлагдсан юм. Харин Г.Максвелл 2021 онд насанд хүрээгүй охидыг Ж.Эпштейнд уруу татсан хэргээр 20 жилийн хорих ял сонссон ажээ.

Д.Трамп өмнө нь Ж.Эпштейний гэмт хэргийн талаар мэдээгүй, түүнтэй 2004 оны орчимд холбоо тасалсан гэж удаа дараа мэдэгдэж байсан. 2019 онд Ж.Эпштейнийг баривчлах үед сэтгүүлчид асуухад "Би мэдэхгүй байсан" хэмээн хариулж байжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт энэ талаар тодорхой мэдээлэлгүй гэдгээ илэрхийлж, "Ерөнхийлөгч Д.Трамп, Ж.Эпштейнийг Мар-а-Лагоос хөөсөн гэдгээ үргэлж хэлдэг байсан" гэж мэдэгджээ.

Харин Хууль зүйн яамны албан тушаалтан BBC агентлагт "20 жилийн өмнө ийм дуудлага хийсэн гэх баталгаатай нотлох баримтыг бид мэдэхгүй" хэмээн тайлбарласан байна. Энэхүү мэдээлэл нь Г.Максвелл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны өмнө виртуалаар мэдүүлэг өгсний дараахан нийтэд ил болсон байна. Түүний өмгөөлөгч "Ерөнхийлөгч өршөөл үзүүлбэл бүрэн, үнэнч мэдүүлэг өгөхөд бэлэн" гэж мэдэгдсэн ч Д.Трамп өршөөл үзүүлэх талаар бодоогүй гэдгээ хэлжээ.

Эх сурвалж: BBC