АНУ-ын цохилтод хоёр хүн амиа алдаж, нэг хүн амьд үлджээ

АНУ-ын цохилтод хоёр хүн амиа алдаж, нэг хүн амьд үлджээ

АНУ-ын цэргийнхэн Номхон далайн зүүн хэсэгт хар тамхины наймаатай холбоотой гэж сэжиглэгдсэн завинд цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн талаар өчигдөр /2026.02.09/ АНУ-ын Өмнөд командлал мэдээлжээ.

АНУ-ын Өмнөд командлал Twitter хуудастаа, “Хоёрдугаар сарын 9-нд командлагч генерал Фрэнсис Донованы зааврын дагуу "Өмнөд жад" нэртэй хамтарсан ажиллагааны хүрээнд террорист байгууллагууд ашиглаж байсан хөлөг онгоцонд үхлийн аюултай кинетик цохилт өгсөн" гэж мэдэгдсэн байна. Үүний дараа АНУ-ын Эргийн харуул амьд үлдсэн хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ.

АНУ-ын Эргийн харуулын хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт өгсөн тайлбартаа, "Эквадорын Далайн аврах ажиллагааны зохицуулалтын төв уг ажиллагааг хариуцан удирдаж байгаа бөгөөд АНУ-ын Эргийн харуул техникийн дэмжлэг үзүүлж байна" гэж мэдэгджээ.

Энэхүү цохилт нь Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй, хар тамхины наймаатай тэмцэх зорилготой "Өмнөд жад" ажиллагааны нэг хэсэг ажээ. Албаныхны мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд хийгдсэн цохилтуудад дор хаяж 121 хүн амиа алдаад байна. Засаг захиргаа амиа алдсан хүмүүсийг "хууль бус тулаанчид" гэж нэрлэж, Хууль зүйн яамны нууц дүгнэлтэд тулгуурлан шүүхийн хяналтгүйгээр үхлийн аюултай цохилт өгөх боломжтой гэж тайлбарлажээ.

Өчигдөр болсон уг халдлага нь энэ оны олон нийтэд ил болсон гурав дахь цохилт, мөн амьд хүн үлдсэн хоёр дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ижил төрлийн цохилтод мөн хоёр хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдэж байсан ажээ. Гэсэн ч АНУ-ын засаг захиргаа "Өмнөд жад" ажиллагаанд өртсөн хөлөг онгоцууд үнэхээр хар тамхины картелуудтай холбоотой эсэх, эсвэл завин дээр хар тамхи тээвэрлэж байсан нотлох баримтыг олон нийтэд хангалттай түвшинд танилцуулаагүй хэвээр байна. Уг ажиллагаа нь өнгөрсөн есдүгээр сард эхэлснээс хойш түүний хууль ёсны үндэслэл Конгресст хүчтэй маргаан дагуулж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN