Сургуулийн бүх орлогыг нярвын дансаар оруулж, хяналтгүй зарцуулсан хэргийг АТГ-аас шалгаж байна

Сургуулийн бүх орлогыг нярвын дансаар оруулж, хяналтгүй зарцуулсан хэргийг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 996 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 495 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 501 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайлбал, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан таван нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

“Төрийн өмчийг хувийн мэтээр үзэж, албан тушаал, орон тоог дураараа хольж, солих, эрх мэдлээ ашиглан ажилтнуудаа дарамтлах, сургуулийн бүх орлогыг нярвын хувийн дансаар оруулж, хяналтгүй зарцуулах зэрэг маш олон ноцтой зөрчлүүдийг шалгаж өгнө үү” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулан холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож сургуулийн орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Түүнчлэн, төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан орлогын эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад албан бичиг хүргүүлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.