K-pop урсгалын дэлхийд алдартай уран бүтээлч G-Dragon өөрийн хамтлаг BIGBANG энэ оны сүүлээр албан ёсоор эргэн ирэх болсныг баталгаажуулжээ. Энэхүү эргэн ирэлт нь хамтлагийн дебют хийснээс хойших 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Тодруулбал, G-Dragon энэ мэдэгдлийг Сөүл хотод амралтын өдрүүдэд зохион байгуулсан фенүүдтэйгээ уулзах арга хэмжээний үеэр хийсэн бөгөөд түүний агентлаг Galaxy Corp өчигдөр /2026.02.09/ албан ёсоор баталсан байна.
G-Dragon, “энэ жил BIGBANG хамтлаг дебют хийснээс хойш 20 жилийн ойтой давхцан эргэн ирнэ. Гишүүний хувьд ч, фен хүний хувьд ч би үүнийг маш их тэсэн ядан хүлээж байна. Бусад гишүүд ч мөн адил” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр хамтлагийнхаа алдарт “Flower Road” дууны үгийг эш татан, “Хавар ойртож байгаа болохоор цэцгийн замаар түр амарч, жаахан хүлээгээрэй” хэмээн фенүүддээ хандан уриалжээ. Үүнээс гадна G-Dragon энэ сарын 17-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болох “Krazy Super Concert” тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд тус тоглолт нь Dubai Media City Amphitheatre-т зохион байгуулагдах ажээ. BIGBANG хамтлагийн эргэн ирэлт нь K-pop-ын фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа бөгөөд 20 жилийн ойгоо тохиолдуулсан энэхүү үйл явдал нь хамтлагийн түүхэнд онцгой ач холбогдолтой мөч болох төлөвтэй байгаа ажээ.