Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайландад баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ВИДЕО:
Тодруулбал, Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилж, улмаар хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд тэднийг Тайланд улсад орогнож байхад баривчлаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг интерполын шугмаар Монголд шууд авчрах боломжгүй байж магадгүй байна.
Учир нь дээрх нэр бүхий хүмүүс нь тус улсад бусдын гадаад паспортыг ашиглан нэвтэрсэн байж болзошгүй байгаа аж. Мөн Б.Баттулга гэгч нь Тайландын улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар гаргах гэж байсан хэргээр саатуулагдсан тул тус улсын хуулийн байгууллагаас тэднийг шалгаж эхэлсэн байна. Тиймээс Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг интерполын шугмаар Монгол руу шууд буцаахгүй байж магадгүй байгаа аж.
Тайланд улсад саатуулагдаад байгаа нэр бүхий хүмүүс нь бусдын паспортыг ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийхийн тулд байнга байршлаа сольж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа гэдгийг тус улсын хэвлэл мэдээллийн байгууллага ч онцолжээ.