Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” сумо бөхийн олон улсын өсвөрийн тэмцээнээс Монголын тамирчид гурван медаль хүртлээ.
“Тоёота арена”-д зохион байгуулсан 16 дахь удаагийн тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Японы “Тоттори Жохокү” сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцаж буй Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Т.Чилүгэний хувьд тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэгвэл 10 насны ангилалд 192 хүүхэд барилдсанаас Баянхонгор аймгийн сурагч Д.Сүнгэрэл дөрвөн ялалт байгуулж, шилдэг наймд шалгарсан байна. Харин багийн төрөлд 128 баг өрсөлдсөнөөс Монголын баг дөрвөн ялалт байгуулж, хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлджээ.


