Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, үүнтэй холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч шүүхээс суллаад байгаа юм.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг холбогдуулан шалгаж буй хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Цагдаагийн байгууллага нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа Туулын хурдны замын төслүүдийг сонгон шалгаруулах явцдаа их хэмжээний мөнгө ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй мэдээллийг шалгасан. Шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сонгон шалгаруулалтанд орсон аж ахуй нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.
Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн болон, А-ийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5,6 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47,9 сая төгрөг гээд нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг авсан байна.
Энэхүү үйлдлийг хийсэн албан тушаалтан нь Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйл ангиар үүсгэсэн тухайн хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шалгуулахаар прокурорын байгууллагт саналаа хүргүүлээд байгаа" гэсэн юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг АТГ-аас өнөөдөр /2026.04.30/ яллагдагчаар татсан байна.