Ерөнхий сайд Санаэ Такаичиийн удирдсан Либерал ардчилсан нам парламентын сонгуульд түүхэн ялалт байгуулсантай холбоотойгоор Японы хөрөнгийн зах зээл огцом өсөж, иенийн ханш тогтворжсон байна.
Японы NHK телевизийн мэдээлснээр, Либерал ардчилсан нам болон түүний эвслийн түнш Төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас 316 суудал авч гурвын хоёрны олонхийг бүрдүүлжээ. Энэ нь 1947 онд Японы өнөөгийн парламент байгуулагдсанаас хойших дайны дараах Японы хамгийн өндөр үзүүлэлттэй сонгуулийн ялалт болсон байна.
Сонгуулийн дүн гарсны дараа гадаадын удирдагчид Санаэ Такаичид баяр хүргэж эхэлжээ. Тухайлбал, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүний ялалтыг "түүхэн амжилт" хэмээн тодорхойлж, Энэтхэг, Японы харилцааг "шинэ түвшинд гаргана" гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим Санаэ Такаичийн ялалтыг Японы эдийн засгийг сэргээх бодлогод олон нийт итгэж буйн илрэл хэмээн дүгнэжээ. Улмаар Тайванийн Ерөнхийлөгч Лай Чиндэ баяр хүргэж, бүс нутгийн сорилтуудыг "хамтын үнэт зүйлсэд тулгуурлан хамтдаа даван туулна" гэдгээ мэдэгдсэн байна.
С.Такаичи өнгөрсөн аравдугаар сар /2025.11/-д Японы Либерал ардчилсан намын дарга болж, Ерөнхий сайдын албыг хүлээн авснаар тус анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон бөгөөд энэ сонгуулийн ялалтаар ард түмнээсээ шууд сонгогдсон анхны эмэгтэй удирдагч болж түүхэнд бичигдэж байна.
Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг үлгэр жишээ болгодог тэрээр өөрийгөө "Японы Төмөр хатагтай" болгох хүсэлтэй гэдгээ илэрхийлж ирсэн байна. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг, гэрлэсэн хосууд тус тусын овгийг хадгалахыг зөвшөөрөх хуулийн өөрчлөлтийн эсрэг байр суурьтай, мөн эзэн хааны угсаа залгамжлалд эмэгтэйчүүдийг оруулахыг дэмждэггүй байна.
Эдийн засгийн хувьд С.Такаичид тулгарах хамгийн том сорилт бол олон арван жил үргэлжилсэн үнийн өсөлт, дефляци, хүн амын бууралт, хөгшрөлт юм. 1990-ээд оны үл хөдлөх хөрөнгийн хөөсрөл хагарснаас хойш Япон эдийн засгаа сэргээхэд хүндрэлтэй тулгарч ирсэн бөгөөд хөдөлмөрийн насны хүн ам буурч, нийгмийн халамжийн зардал нэмэгдэж байгаа юм.
Сонгуулийн өмнө С.Такаичийг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлсэн цөөн гадаад удирдагчдын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп байсан юм. Тэрээр өөрийн Truth Social цахим хуудастаа С.Такаичийг "хүчирхэг, мэргэн удирдагч" хэмээн магтаж, сонгуулийн дараа түүний ялалтыг “LANDSLIDE Victory” гэж тодорхойлсон байна. С.Такаичи АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж, Ерөнхий сайд болсноосоо долоо хоногийн дараа Д.Трампыг Японд хүлээн авч, анхны томоохон дипломат алхмаа хийсэн юм.
Ийнхүү С.Такаичийн түүхэн ялалт Японы дотоод улс төрийн тэнцвэрийг өөрчилж, бүс нутгийн болон дэлхийн зах зээлд хүчтэй дохио өгч байна. Одоо түүний өмнө эдийн засгийн шинэчлэл, нийгмийн маргаантай асуудлууд, бүс нутгийн аюулгүй байдлын сорилтуудыг хэрхэн удирдах вэ гэсэн томоохон сорилтууд хүлээж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC