ВИДЕО: Хахуулийн мөнгөний хэлбэрийг өөрчилж, зочид буудал болгосон байсан Ж.Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

ВИДЕО: Хахуулийн мөнгөний хэлбэрийг өөрчилж, зочид буудал болгосон байсан Ж.Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. 

Тодруулбал, прокуророос Ж.Гарьдад Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсэг буюу мөнгө угаах гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Ж.Гарьдад холбогдох хэргийг хэлэлцээд, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. 

isee.mn мэдээллийн сайт Ж.Гарьд нь хэрхэн мөнгө угааж байсан асуудлыг өмнө нь хөндөж байсан юм. 

ВИДЕО:

 

Эргэн сануулахад, УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Ж.Гарьд нь хахуулийн мөнгөнийгөө хэлбэрийг өөрчилж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо дөрөвдүгээр хороололд байрлах "Сити" зочид буудлын зургаан давхар барилгыг худалдан авсан байжээ. Үүнийг нь хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч өдгөө тус барилгыг улсын орлого болгохоор ажиллаж байгаа аж.

Ж.Гарьд нь “Жи Ар Ди Реалти” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан компаниараа дамжуулан тус обектыг 650 мянган ам.доллараар худалдан авсан байна.

Ингэхдээ хахуулийн мөнгөө гаднын улс оронд бүртгэлтэй компаниудаар дамжуулан, зүсийг нь хувиргадаг байжээ. Учрыг нарийвчилбал, Ж.Гарьдын худалдан авсан зочид буудлын 650 мянган ам.доллар нь Дубайд бүртгэлтэй “Ансу трейд” гэх компаниас шилжиж орсон байх аж. Харин тус компани руу Д.Жигжиднямаа агсны төрсөн дүү Д.Жүгдэрнямаа, хүү Ж.Гарьд нарын эзэмшлийн “Скай профейшнл ложистик” ХХК мөнгө шилжүүлдэг байжээ. Мөн “Скай профейшнл ложистик” ХХК руу Д.Жүгдэрнямаагийн Хонконгт бүртгэлтэй "Class Trading Limited" LLC гэх компани мөнгө шилжүүлэх байдлаар хахуулийн мөнгөнийхөө хэлбэрийг нь өөрчилж, улмаар дээрх объектыг худалдан авсан байна. 

Мөн тухайн компаниас 2013-2017 онд:

  • УБТЗ ХНН дарга Д.Жигжиднямаа 250 мянган ам.доллар,
  • “Скай профейшнл ложистик” ХХК захирал Ц.Жүгдэрнямаа 320 мянган ам.доллар,
  • Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 120 мянган ам.доллар,
  • УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаяр 38 мянган ам.доллар,
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учралсайхан 127.7 мянган ам.доллар, 
  • Д.Ганзориг гэгч 384 мянган ам.доллар,
  • “Жоконди” ХХК 612.4 мянган ам.доллар,
  • “Ай Си Ай Си” ХХК 62.9 мянган ам.долларыг тус тус хувийн данс руугаа шилжүүлж авсан гэх мэдээлэл байдаг юм.



Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө