Засгийн газрын 77-р тогтоолыг эсэргүүцсэн Б.Цэгмид нарын иргэд эсэргүүцлээ илэрхийлэх явцдаа хууль сахиулах байгууллагын алба хаагчдын биед халдсан хэрэг гарсан байдаг.
Тодруулбал, Засгийн газрын 77 дугаар тогтоол өнгөрсөн аравдугаар сарын 01 /2025.10.01/-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, зэс, төмөр гэх мэт) болон шатахуун тээвэрлэж яваа том оврын машинууд улсын болон олон улсын чанартай замаар зорчихдоо төлбөр хураах цэг дээр бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөхөөр болсон.
Харин энэхүү тогтоолыг Б.Цэгмид нарын иргэд эсэргүүцэж, Саппорогийн уулзварын орчимд эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зохицуулалт хийж байсан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчийн биед халдах зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй Б.Цэгмидийг Зөрчлийн хэргээр хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.
Тэгвэл тухайн жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчийн биед халдаж, тусгай хэрэгслийг нь эвдэж сүйтгэсэн гэх үндэслэлээр тэмцэгч гэх Ж.Одонгоо, Д.Отгонтуяа нарыг Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх хэсэг буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэмээн ялласан бөгөөд дэрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. Тус хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.