Монгол Улсын тод манлай уяач, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Пунцагбалжирын Энхмөнх энэ сарын 04-ний /2025.11.04/ өдөр зуурдаар таалал төгсөж, монгол түмний сэтгэлд нөхөж баршгүй гарз тохиосон билээ.
Энэ талаар талийгаач П.Энхмөнхийн гэргий Т.Урангоо "Хайр минь, амь амьдрал минь, миний сайхан хань минь хүүхдүүдийнхээ сайхан аав минь даанч эрт зуурдаар зүрхний шигдээсээр бурхны орондоо заларлаа" хэмээн эмгэнэж байв.
Тэгвэл талийгаач П.Энхмөнхийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Учир нь талийгаач П.Энхмөнх нь амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдалтай нас барсан байсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар Шүүх шинжилгээний Ерөнхий газраас холбогдох бүхий л шинжилгээг хийсэн бөгөөд одоогоор шүүх шинжилгээний дүгнэлтүүд гараагүй байгаа аж.
Дээрх дүгнэлтүүд хэрхэн гарахаас шалтгаалан түүнийг амиа хорлоход хэн нэгэн хүргэсэн үү, эсвэл гаднын ямар нэгэн нөлөө байсан эсэх гээд шалгалтын ажиллагаа цааш үргэлжилж магадгүй юм. Ямартай ч талийгаач П.Энхмөнхийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.