Улаанбаатар хотын агаарын бохирдол жилийн жилд нийслэлчүүдийн толгойны өвчин, ханиад томууны эх үүсвэр болсоор байдаг. Энэ жилийн хувьд БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксон нүүрс оруулж ирсэн ч чанарын ялгаа огт байсангүй. Энэ бохирдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг нэг хүчин зүйл нь автомашинаас гарах утаа. Улаанбаатарт 800 гаруй автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдлын 28 хувийг бүрдүүлж байдаг гэсэн албан бус тоон мэдээлэл бий.
ВИДЕО:
-ӨВЛИЙН УЛИРАЛД ШАТАХУУНЫ ЗАРЦУУЛАЛТ НЭМЭГДЭЖ, АГААРТ ИЛҮҮ ИХ ХОРТ УТАА ЯЛГАРУУЛНА-
Өвөл болоход автомашинуудаас хаях утаа эрс нэмэгдэж, иргэдэд муухай үнэр үнэртэж байгаа гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Энэ талаар иргэдээс тодруулахад, “Нүүрсний утааны үнэрээс өөр утааны үнэр мэдээж маш тод ялгарч үнэртдэг. Их муухай хүхэрлэг, өмхий үнэр байдаг. Автомашины бензин, шатахуунаас ч болдог юм уу мэдэхгүй. Сүүлийн үед их муухай үнэртэж байгаа. Удахгүй хүйтрэхээр бүр л нэмэгдэх байх” гэсэн зүйлийг ярьсан юм. Автомашины утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг учраас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга, кадми зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байдаг.

Гэтэл өвлийн улиралд автомашины шатахуун зарцуулалт эрс нэмэгдсэнээс болж автомашинаас гарах утаа ч нэмэгддэг байна. Өвөл автомашины шатахуун зарцуулалтад нөлөөлдөг зарим хүчин зүйлээс дурдвал,
- Бензиний найрлага нь улирлын шинж чанартай бөгөөд өвлийн бензин нь зуны бензинээс энергийн хувьд бага байдаг.
- Цаг агаарын хүйтрэлт түлш зарцуулалтыг ихэсгэдэг бөгөөд агаарын хэм 24 °С -аас 7 °C хүртэл буурахад шатахуун зарцуулалт 12-аас 28% -иар нэмэгдэх боломжтой байдаг.
- Хүйтэн, хуурай өвлийн агаар нь дулаан, чийглэг зуны агаараас 11% илүү жинтэй байдаг. Ингэснээр машин явах үед салхины эсэргүүцэл нэмэгддэг байна. Тиймээс шулуун замын шатахуун зарцуулалт өвлийн улиралд 1.3%-аар илүү өндөр байдаг.
- Өвлийн улиралд автомашины паар, халдаг суудал, гэрэлтүүлэг, халаалт, халдаг толь, цонх арчигч гэх мэт машины электрон төхөөрөмжүүдийн хэрэглээ хэвийн үеэс харьцангуй их байдаг. Энэ бүх эрчим хүч хөдөлгүүрт ачаалал болох учраас дагаад шатахуун зарцуулалт ч гэсэн нэмэгддэг.
- Аютомашины хөдөлгүүр нь их хэмжээний цас, замын саадыг даван туулахын тулд илүү их хүч гаргах шаардлагатай болдог. Цас, мөс нь дугуйны барьцалдах чадварыг бууруулж илүү халтируулснаар шатахууны хэрэглээг ихэсгэдэг гэх хэд хэдэн шалтгаан бий.

-ЭНЭТХЭГ, МОНГОЛ ЗЭРЭГ ЦӨӨН ХЭДЭН УЛС Л ОРОСЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН, ЕВРО СТАНДАРТЫГ ХАНГААГҮЙ АИ-92 АВТОБЕНЗИНЫГ АШИГЛАДАГ-
Тэгвэл нийслэлд явж буй автомашинуудын ихэнх нь АИ-92 автобензинийг хэрэглэдэг. Тэр дундаа ОХУ-аас орж ирсэн энгийн 92 автобензин нь үнийн хувьд арай хямд байдаг тул үүнийг түлхүү хэрэглэдэг. Гэтэл энэхүү Оросын АИ-92 нь Евро стандартыг хангаагүй байдаг буюу 150-500 ппм хүхрийн агууламжтай байдаг бөгөөд евро 92-той харицуулахад 3-10 дахин их хүхрийг агаарт цацаж байдаг. Хүхрийн агууламж өндөр байх тусам автомашины хөдөлгүүр хурдан муудаж, нүүрсэн янданг элэгдүүлж, утаа гаралтыг нэмэгдүүлдэг сөрөг нөлөөтэй.

Мөн ОХУ-ын энгийн 92 автобензиныг Африкийн зарим улс орнууд болон Энэтхэг, Монгол гэсэн цөөн хэдэн улс л хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл Евро стандартыг хангаагүй Орос 92-ийг бусад улсад хэрэглэхийг хориглодог гэсэн үг.
Ийнхүү үнийн багахан хэмжээний зөрүүнээс л болж иргэд энгийн АИ-92-ийг сонгон хэрэглэдэг. Гэтэл дээр дурдсанчлан түүнээс гарах хорт хий, хүхрийн хэмжээ маш их байдаг. Мөн автомашины утаа амьсгалын түвшинд цацагдаж байдаг тул хүүхэд багачуудад хамгийн хортой бөгөөд хүүхдийн өсөлтийг ч зогсоож болох сөрөг нөлөөтэй. Иймд ядаж Евро стандартын 92-ийг хэрэглэх нь агаарын бохирдолд эерэгээр нөлөөлнө.