АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Араб улсад F-35 төрлийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудыг худалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байна.
Учир нь түүний энэхүү шийдвэр тус бүс нутгийн цэргийн хүчний тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт авчрах боломжтой шийдвэр гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Тодруулбал, Д.Трамп Вашингтонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Бид F-35-уудыг зарна” хэмээн хэлсэн байна. Саудын Арабын тал нийт 48 ширхэг F-35 сөнөөгч онгоц авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд уг хэлцэл нь тус улсын хааны хүү Мохаммед бин Салманы АНУ-д хийх айлчлалын өмнөхөн болсон байна.
Хэрвээ уг худалдаа баталгаажвал Саудын Араб тус онгоцыг эзэмших анхны Араб улс болох юм.
Гэхдээ уг шийдвэр Израилын аюулгүй байдалтай холбоотой удаан хугацааны турш баримталж ирсэн АНУ-ын бодлоготой зөрчилдөх талтай аж. Израил нь бүс нутагт “цэргийн давуу эрх”-ээ хадгалах шаардлагатай гэж АНУ-ын тал амладаг бөгөөд Саудын Арабт F-35 нийлүүлэх нь энэ давуу байдлыг эрсдэлд оруулах магадлалтай тул Израилын тал болгоомжтой байр сууриа илэрхийлж байгаа аж.
АНУ-ын дотоодын зарим эрх баригчид, "F-35-ийн сөнөөгч онгоцны нууц технологи Саудын Арабын зүгээс гуравдагч оронд, тэр дундаа Хятад руу задрах эрсдэлтэй гэж санаа зовж, уг хэлэлцээр Конгрессын түвшинд эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй" гэжээ. Түүнчлэн худалдаа албан ёсоор эцэслэн батлагдаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь хэлэлцээний эхлэл төдий гэж үзэж байна.