УИХ-ын нэр бүхий гишүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Э.Болормаа.
ВИДЕО:
Түүнийг 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, гишүүн болсон гэх асуудлаар мөрдөн шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байсан ч харьяаллын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах алба руу хэргийг шилжүүлсэн байдаг. Харин тус алба өдгөө хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татахад бэлэн болсон ч тэрбээр яллаглагчаар татах тогтоолтойгоор танилцаж, гарын үсэг зурахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан тул түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөж магадгүй байсан юм.
Тэгвэл тэрбээр саяхан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зурсан байна.
Өөрөөр хэлбэл түүнийг албан ёсоор яллагдагчаар татжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байсан нь Үндэсний аудитын газрын “нэгдсэн тайлан”-нд дурдагдсан байгаа юм. Тодруулбал, Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байна.
Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй гэдэг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” нотолдог.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан байна. Гэтэл Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан байдаг. Үүнийг ч түүний сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК нотолж, энэ талаарх баримт мэдээллийг Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн байдаг юм.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.