Монголын Автомастеруудын Холбоо 10 дахь уралдаанаа энэ 22-ны өдөр зохион байгуулах гэж байна

Монголын Автомастеруудын Холбоо 10 дахь уралдаанаа энэ 22-ны өдөр зохион байгуулах гэж байна

Монголын Автомастеруудын Холбоо 2025 оны цуврал 10 дахь уралдаанаа 11-р сарын 22-ны өдөр Баруун турууны даваанд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн уралдааныг Монголын авто спортын шилдэг тамирчин ах дүүс, Дакар уралдаанд эх орноо төлөөлөн оролцож байсан анхдагчид болох ОУХМ Өдийхүүгийн Бямбадэлгэр, ОУХМ Өдийхүүгийн Бямбацогт нарын нэрэмжит болгон тэдний үүсгэн байгуулсан “POWER” авто спорт аяллын клуб ивээн тэтгэн зохион байгуулж байна.

Ирэх долоо хоногийн Бямба гарагийн өглөө 9 цагт эхлэх тус уралдаан хоёр төрлөөр явагдах бөгөөд бидний сайн мэдэх УАЗ 469 ангиллын “Мастер кросс” уралдаанд энэ цагийн шилдэг 60 гаруй тамирчид өрсөлдөх бол Седан буюу бидний нэрлэж заншсан “Субару” ангилалд мөн шилдэг 20 гаруй тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн хавар Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Чингис Мастер Кросс” уралдаан мөн хоёр ангиллаар анх удаа зохиогдсон бөгөөд үзэгчдийг хөгжөөсөн, уйдаахгүй, гайхалтай уралдаан болж өнгөрсөн билээ.

“Баруун турууны даваа” буюу Улаанбаатараас Дархан явах замд 61-ийн гарамны наад давааны хойд энгэрт зохион байгуулагдах тус уралдаан УАЗ ангиллын 8 гараа, Седан ангиллын 6 гараа, нийт 14 гараа уралдааныг авто спортын хорхойтнууд агаар салхинд гарангаа бүтэн өдрийн турш үзэж сонирхох боломжтой болж байна.

Монголын Автомастеруудын Холбоо 2026 оны Улсын аварга болон Шилдэг тамирчдаа тодруулахад 2 удаагийн “Мастер кросс” уралдаан дутуу байгаа бөгөөд энэ удаагийн POWER Мастер кросс уралдааны дараа 12 дугаар сард оны отгон уралдаанаа хийх юм. Энэ жилийн хувьд 68 хувийн дугаартай спортын мастер Ш.Гомбодорж, 35 хувийн дугаартай спортын мастер Х.Улам-Өрнөх нар ердөө 6-хан онооны заагтайгаар “Улсын аварга”-ын төлөө өрсөлдөж байгаа нь оны сүүлийн хоёр уралдааныг улам илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.