Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загварыг бий болгох зорилгоор тус сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн олон улсын уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг онцоллоо. Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамрах засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болохоор төлөвлөгдөж байна.